1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 21, 22-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23, 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23, 24-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 21-ний өдөр нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:33 цагт очиход иргэн О-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Б-гийн 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 06:06 цагт очиход иргэн Р-ийн автомашины задаргааны сэлбэгээр задлаж байсан “Королла” загварын суудлын автомашин 3, “Пробокс” загварын суудлын автомашин 1 ширхэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан багт гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:17 цагт очиход иргэн Ц-гийн 4×7 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Баянгол Баруун жаргалант гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Норовлин сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Баян-Уул сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулж, цурам дотор цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. 05.19-ний өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул сумын мэргэжлийн ангиас очиж ажилласан алба хаагчид түймрийн голомтоос буцсан бөгөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Норовлин сумаас очиж ажилласан алба хаагчид цурмыг манаж хоносон.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн Ононгийн живхээртэй-Эх гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан дуудлагыг 05.18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.18-ны өдрийн 17:16 цагт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ойн түймрийн голомт руу хөөрч, агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэсэн. Гал түймэрт Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батширээт сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажилласан. Мөн өдрийн 21:51 цагт түймрийг цурманд оруулж, 05.19-ний өдрийн 15:15 цагт бүрэн унтраан Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 54 км-т/ 05.20-ны өдрийн 01:57 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа болон гэрийг мөргөж 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон 5 ханатай гэрийг мөргөж, гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Хилэнтийн гүүр гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ Дэлгэр мөрний ус руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.19-ний өдрийн 09:30 цагаас эхлэн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газраас Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Баян-Эрхэт”, Тосонцэнгэл сумын Тээл багийн “Ялаатын-Арал” гэдэг газар хүртэл 70 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:55 цагт түр зогсоосон. 05.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 2022.04.09-ний өдрөөс 05.05-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 05.05-ны өдрийн 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.
05.18-ны өдөр “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 7 км-т “Майхан толгой” гэдэг газар “Сэлэнгэ” мөрний усан дотор “Портер” загварын ачааны автомашиныг илрүүлсэн тухай Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 13:45 цагт, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 21:55 цагт тухайн газарт тус тус очиж, тандалтын ажиллагаа явуулж, голын эргээс 25-30 метрт, 3.5 орчим метрийн гүнд байгаа автомашины байршлыг тогтоосон. 05.19-ний өдрийн байдлаар 16 удаагийн шумбалт хийж, тухайн автомашиныг троссоор холбож “Зил-131” загварын автомашинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. (Автомашиныг татан гаргахад голын урсгал ширүүн, усчин-аврагч нар шумбалт хийхэд хүндрэлтэй байна) 05.20-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Траст трейд” ХХК-д ачааны цахилгаан шатны хаалганд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 19:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:57 цагт очиход тус байгууллагын ажилтан Э /25 настай, эмэгтэй/ ачааны цахилгаан шатны хаалга болон 1 дүгээр давхрын тавцангийн хооронд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тээвэрлэн хүргэж, жижүүр эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР