Бүгд Найрамдах Индонез улсын Бали хотноо зохион байгуулагдаж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Тус хуралдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцож үг хэлсэн бөгөөд чуулган “Эрсдэлээс гамшгийг даван туулах, гамшигт тэсвэртэй байх чадавх руу: КОВИД-19 улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө” сэдвийн хүрээнд энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэн явагдана.
Чуулганд дэлхийн 194 улс, олон улсын байгууллагыг төлөөлж таван мянга орчим төлөөлөгч биечлэн оролцож, коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны Сендайн хүрээг 2015 онд баталснаас хойш долоон жилийн хугацаанд цартахал болон байгаль, цаг уурын аюулт үзэгдэл тохиолдож, олон сая хүмүүс өртөж, амь насаа алдан, гамшгийн үр дагавар дэлхий нийтийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглээд хөгжил дэвшлийн тогтвортой ирээдүйг бий болгохын тулд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хөтөлбөр чухал ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.
Энэ удаагийн дэлхийн чуулган нь олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй дэлхий нийтэд болон бүс нутгууд, улс үндэсний хэмжээнд учирч буй эрсдэлт хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг удирдах илүү үр дүнтэй, чадварлаг тогтолцоог бий болгох талаар хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх гамшгийн эрсдэлийг бууруулахад ахиц дэвшил гаргах боломжийг бүх оролцогч талуудад олгоно.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганыг 2007 онд Женев хотноо анх удаа зохион байгуулснаас хойш дэлхийн нийтээрээ хоёр жил тутам гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар чуулж, олон улсын бодлого баримт бичгийн хэрэгжилтийн явц, санал санаачлага, тэргүүн туршлага, авсан сургамж, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, боломжит шийдлийг хэлэлцэн баталдаг билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.