Гамшгийн эрсдэлийг бууруулах бүх боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм

Mongolia-Amarsaikhan-Sainbuyan-_-GPDRR22.mp4_snapshot_00.26.jpg

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохион байгуулагдаж байгаа Гамшгийн эрсдэлийн бууруулах дэлхийн VII чуулганы “Албан ёсны мэдэгдэл” арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улс Гамшгаас хамгаалах салбарынхаа хууль эрх зүйн орчныг бүрэн шинэчилж, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, зохицуулалтын механизмыг шинээр бүрдүүлэн бэхжүүлж Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилго, зорилтуудтай уялдуулан ажиллаж байна.

   Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний стратегийг 2017 онд баталж, уг стратегийг төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байна.

   Түүнчлэн иргэд, олон нийтийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчноо байгалийн болон бусад гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бүх боломжийг бүрдүүлэх нь манай Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм.

   Монгол Улсын Засгийн газар НҮБ-аас байгууллагаас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дүүрэн дэмжиж ирсэн бөгөөд цаашид эдгээр баримт бичгийн зорилтуудын уялдааг хангах, цогцоор нь үр дүнтэй хэрэгжүүлэх талаар үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд улам их хүчин чармайлт гарган ажиллах болно” гэлээ.

Мөн сүүлийн хоёр жилд дэлхийн улс, орнууд цар тахлын гамшигт нэрвэгдэж, бид амаргүй цаг үеийг хамтдаа туулж байгаа бөгөөд КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж, гишүүн улсуудаа нэгтгэн зангидаж, тусалж дэмжин, мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байгаад  талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top