Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байхад урт хар үсээ гурваар даран сүлжиж, зүүсгэл гоёлоор чимсэн нь сүүлийн жилүүдэд олж хараагүй ховорхон тохиолдлын нэг байв.
Түүнийг А.Нямаа гэдэг. Төрийн албанд 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Хүндэтгэлийн өргөө, ахмадын асуудал хариуцсан ажилтнаар 4 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Албаныхаа онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна Онцгой байдлын газрынхаа “Эцэг эхийн зөвлөл”-ийн нарийн бичгээр ажилладаг. Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг ижил төрлийн 100 гаруй байгууллагаас 2020 онд анх удаа зохион байгуулсан “Шилдэг эцэг, эхийн зөвлөл” болзолт уралдаанд гутгаар байрт шалгарсан амжилтыг ч баг хамт олноороо үзүүлсэн байна. Ингээд түүний өв дамжин уламжлан ирсэн ховор үнэт зүйлсийг нь танилцуулъя.
-Зургаан ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин. Аав нь түүнийг есдүгээр ангийн сурагч байхад нь есөн цэнгийн мөнгөн бугуйвч хийлгэж, зүүн гарт нь зүүж өгч байжээ. Тухайн үед өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг хайрлаж, хамгаалж, хаяж үрэгдүүлэхгүй яваарай хэмээн захисан байна.
-Ураг удам, өв соёлоо мэдэж, үр хүүхдэдээ залгамжлан үлдээхийн тулд өвлөгдсөн эд зүйлийнхээ тухай хүүхдүүддээ ярьж, тайлбарлан таниулах дуртай. Түүнд 10 гаруй үнэт эдлэл, эд зүйлс мөн орчин цагийн өдөр тутамдаа хэрэглэдэг үсний даруулга, хавчаар зэрэг байдаг. Эдгээр эд зүйлсээ охиндоо өвлүүлэхийн тулд ихэд нандигнадаг тухайгаа хуучилсан юм.
-Тухайбал түүнд олон үе дамжин ирсэн мөнгөн гуутай Очирваань бурхан, зургаан үе дамжсан үсний үзүүрийн оюу шигтгээтэй мөнгөн даруулга, дөрвөн үе дамжсан шүрэн шигтгээтэй мөнгөн даруулга, дөрвөн үе дамжсан зааны ясан савхтай Дарьганга хийцийн хэт хутга, алтан нуухтай, цагаан шүрэн мөртэй эмэгтэй хөөрөг зэрэг үнэт бөгөөд түүхийн ач холбогдолтой ховор эд зүйлс байдаг.
-Эцэг, өвгөдөөсөө уламжлагдан ирсэн өв болгондоо хайртай. Гэхдээ хүүхэд насных нь дурсамжийг мэдрүүлдэг аавынхаа хийлгэж өгсөн мөнгөн бугуйвчийг илүү хүндэтгэж гоёх дуртай. Өв бүхэн нь үнэтэй, хайрлаж хамгаалах нь чухал ч өдөр тутмынх нь байнгын хэрэглээ болгодог гэнэ.
– Аймгийнхаа Соёл урлагийн газар, Орон нутгийн судлах Музейтэй хамтран зохион байгуулсан “Үе дамжсан өв” сэдэвт үзэсгэлэнд оролцож, өөрийн үнэт зүйлсээ дэлгэн, олон нийтэд таниулан сурталчилсан байна. Энэ үеэр “Үе дамжсан үнэт өв” гэсэн батламжийг гардан авчээ.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин