Монгол Улсын Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгаж уялдуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд үр дүнтэй авч хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж зарцуулах чиглэл бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийг байгуулсан.
Улмаар 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулан, үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас нийслэл, дүүргүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд зохиогдсон тус сургалт нь хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, эрсдэлд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой юм.
Сургалтын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар үг хэлэхдээ, “Бодлого, төлөвлөлт зөв бол үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт сайн байдаг. Иймд бүх шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, оновчтой алсын хараа, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан төлөвлөлт хийх, гамшгийг тэсвэрлэх чадавх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах механизмыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага тулгарч байна” хэмээн онцоллоо.
Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол нэмэгдэж, түүнээс хүн ам, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрчимтэй нэмэгдэж байгаагаас гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг оновчтой төлөвлөн авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.