1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Говьсүмбэр, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 4 дүгээр орц хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 12 иргэнийг гаргасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Хээтэй” хороолол 4-2 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход 1х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцэст хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход Өвөр Согоотоос хотын төв рүү явах автозамын дэргэд ил задгай их хэмжээний хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн “Толгойн боолт” гэдэг газар “Анар” жуулчны баазад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Э-ийн эзэмшлийн 10х10 метрийн хэмжээтэй байшин, залгаа 8 ханатай 2 гэр /дотор нь хураалттай 5 ханатай гэрийн мод 11 ш, 25 ширээ, 44 ор, 150 сандал/ тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Гэр хүрээ” хоолны газар хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 15:47 цаг цагт хүлээн авсан. Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход “1000 оюутны байр”-ны хойд талд ил задгай хог шатсаны улмаас төв зам дагуу байрлалтай иргэн Х-ын эзэмшлийн 4×5 метрийн хэмжээтэй цайны газрын зүүн хана, иргэн Б-ийн 15×8 метрийн хэмжээтэй авто засварын газрын хойд талын хана тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Өгөөмөр” худалдааны төв утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 04:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн эзэмшлийн 15х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 2 давхрын 2х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга 4 дүгээр баг 1 дүгээр хороо /сумын төвд/ Иргэн Ц-гийн байшин 07:25 цагийн үед шатсан тухай мэдээллийг 05.26-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн Ц-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн “Чулуут” хорооллын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Д-ийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5х12 метрийн хэмжээтэй баригдаж байсан байшингийн торх шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Задын шар дэвсэг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж, ойн түймрийг 05.25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймэрт агаараас тандалт хийх, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цагт хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин 2 дугаар багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 05.26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын 1 дүгээр баг, “Сэлэнгэ буудай” ХХК-ийн ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажитнууд, ар гэрийнхэн 05.26-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хар-Усны тохой” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 11 удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 05.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР