У.Хүрэлсүх: Олон улсын түвшинд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулсаар байна

283476955_1181135209366320_3000993527524656826_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй цэргийн алба хаагчдын алдрыг сурталчлах ажиллагаа”-д оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.

“Энхийн цэнхэр дуулгатан бүсгүйчүүд ээ!

Хүндэт зочид оо!

Хатагтай, ноёд оо!

Монгол цэрэг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй цэргийн алба хаагчдын алдрыг сурталчлах ажиллагаа”-нд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсныг өнөөдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болж, олон улсын түвшинд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулсаар байна.

Түүнчлэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хөгжилд онцгой үр дүн үзүүлж, үндсэн болон олон талт үүргээ гүйцэтгэх чадавх, бэлэн байдал дээшилж, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн болон мэргэжлийн бэлтгэл, гадаад хэлний мэдлэг, үүрэг гүйцэтгэх ур чадвар жилээс жилд нэмэгдэж байна.

Цэрэг, цагдаагийн алба хаагчдын энхийг сахиулах онцгой хариуцлагатай үүрэг биелүүлэхэд бэлтгэх эрчимт сургалтын үндэсний тогтолцоо, арга технологи төлөвшин хөгжиж сүүлийн 20 жилийн хугацаанд зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд ч шинэ чиг хандлага, өөрчлөлтүүд гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэх боллоо.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол зөвшилцлийн бүлээн уур амьсгал, энэрэнгүйн соёлыг түгээж, энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон аливаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд  хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдаг байна.

Тиймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг 2000 онд гарган, энхийг сахиулах, бүтээн байгуулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан билээ.

1993 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нийт бүрэлдэхүүний дөнгөж 1 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч байсан бол 2021 оны байдлаар дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа 76 мянга гаруй энхийг сахиулагчдын 7 хувь нь эмэгтэй алба хаагч болж, гүйцэтгэх үүргийн цар хүрээ нь өргөжсөн байна.

Монгол Улс 2006 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицерыг илгээснээс хойш нийт 872 эмэгтэй цэргийн алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Монгол бүсгүйчүүд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зам мөрийг засч алс холын Африк тивд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн, өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа анхны эмэгтэй энхийг сахиулагч хурандаа Нэргүйн Нямжаргал, цэргийн багийн захирагчаар ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бэлтгэл дэд хурандаа Гэрдээгийн Тунгаамаа, цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын цагдаагийн ажилтнаар анх удаа бие даан үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дэд хурандаа Доржийн Энхжаргал, цэргийн хээрийн 2 дугаар шатны  эмнэлгийн багт Амбулаторийн эрхлэгч, мэдээгүйжүүлэлтийн эмчээр үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Даваасамбуугийн Ариунжаргалзэрэг олон шилдэг бүсгүйчүүд байгааг дурдахад таатай байна.

Саяхан Монгол Улсын анхдагч эмэгтэй энхийг сахиулагчдын нэг болох ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга Ганболдын Болорт цэргийн дээд цол- “Бригадын генерал” цолыг хүртээж Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн.

Энэ бол Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч буй шинэ чиг хандлагын илэрхийлэл төдийгүй Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэйчүүдийн нөр их хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм.

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ дахин дэвшүүлж, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйл хэрэгт гар бие оролцон төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт эмэгтэйчүүддээ ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн сайхан үйлсийн төлөө хамтран зүтгэцгээе.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top