Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 жилийн хугацаанд 20 гаруй мянган алба хаагчаас хоёрхон гавьяат төрөн гарсан нь хоёулаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид юм.
Тодруулбал, Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь 2018 онд аврагчаас төрсөн анхны гавьяат бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат нь 2019 онд аврагчдын дундаас төрөн гарсан хоёрдахь гавьяат болж байсан билээ.
Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь 2014-2015 онд НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны IV ээлжээр буудагчаар үүрэг гүйцэтгэж байсан бол ахмад Х.Мөнхбат нь 2005 онд Иракийн Эрх чөлөө ажиллагааны Монголын багийн IV ээлжээр тасгийн пулмётчны үүргийг, 2007 онд НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийн III ээлжинд мөн тасгийн пулмётчны үүргийг гүйцэтгэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.