Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 2, 5-ны өдөр Алтайн салбар уулсаар, 3-ны өдөр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан түшээ” хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн С-ийн тагт дээр эд, хогшил болон иргэн Э-ийн тагт, эд хогшил, гадна дулаалгын хөөсөнцөр тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 74 дүгээр байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход тус байрны хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

2.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.31-ний өдрийн 08:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг -Өндөр сумын Хонгор багийн “Хар усны тохой” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 06.01-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ Бага насны хүүхэд 05.30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  31 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаангарам багийн “Цагаан хад” гэдэг газраас Жаргалант багийн “Аралбек-Арал” гэдэг газар хүртэл 20 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 06.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хэлтгий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ мөн тус сумын Хармагтай багийн “Хүрэн цав” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ 05.28-ны өдрийн 16:35 цагийн орчим 14 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсаны улмаас 2 өрхийн 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг 05.31-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 05.29-ний өдөр малчин А, Н нарынд очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг Номгон сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top