Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгийн, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшиж дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 3-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д модны үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 12:12 цагт очиход “Евровүүд” ХХК-ийн модны үйлдвэрийн хашаанд үртэс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсанГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 9.8 км зам туулан 12:23 цагт очиход иргэн Б-гийн 20х30 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 16.5 км зам туулан 14:28 цагт очиж 1 цаг 55 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Хөдөө нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урьд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 3км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:38 цагт очиход иргэн О-гийн малын бууц шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэй багийн “Зөөлөн” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдөр 19:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 12 км зам туулан 19:26 цагт очиход иргэн С-ийн малын бууц шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 20:47 цагт очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгайт багийн “Нэгдүгээр хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 355 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.01-ний өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:15 цагт унтраасан бөгөөд тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолБулган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 06.01-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт 70 км-т Хутаг-Өндөр сумын Хантай багийн төв хүртэл урсаж зохион байгууласан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. 

Төөрсөн, сураггүй болсонБаян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд 05.30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг  газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар,  голын эрэг  дагуу 20 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн “Цавын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ 05.30-ны өдрийн 20:30-21:00 цагийн хооронд салхины хүч 18-20 м/с хүрсний улмаас 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Э-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт 06.01-ний өдрийн 10:50 цагт ирүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top