ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын үйл ажиллагааг газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбаатар танилцуулсан юм.
Тэрбээр, аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2022 онд хийж гүйцэтгэх 17 заалт бүхий ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар хэрэгжиж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, алба хаагчийн бие бялдрын зохистой харьцааг хангах зорилгоор “Нэг алба хаагч, нэг унадаг дугуй” уриалгыг өрнүүлж, нийт алба хаагчдын 90 гаруй хувь нь дугуйтай болжээ.
Ингэснээр алба хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэнд, биеийн зохистой харьцааг хангахаас гадна албан байгууллагын гаднах автомашины зогсоолыг иргэдийн зогсоол байлгах, цаашлаад албаны бэлэн байдлыг хангах ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Баян-Адарга суманд урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны Баян-Овоо суманд тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах сургалтын төвүүдийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.