Монгол Улсын Шадар сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр бүх шатны Засаг даргын гамшгийн үеийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх штабын дадлагаар эхэлж байна.
“Танхимын сургалт”, “бэлэн байдлын үзлэг”, “штабын дадлага”, “дадлага, сургууль” гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 104 цаг, оперативын 148 цагийн багтаамжтай явагдаж байгаа тус сургууль өнөө өглөө Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор цуглуулж, цагийн байдал өгснөөр албан ёсоор эхэллээ.
Штабын дадлага сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.