Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бороо орж, Дорноговь, Завхан, Ховд аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 5, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:33 цагт очиход иргэн Ц-гийн 4х9 метрийн хэмжээтэй байшин дотор эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1 дүгээр цэцэрлэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 16:13 цагт очиход /эзэнгүй, ашиглалтнаас гарсан/ тус цэцэрлэгийн барилгын тааз, шал шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Хасагт Хайрхан” хүнсний дэлгүүрийн дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагч 4 км замыг туулан 16:32 цагт очиход ил задгай хог шатсаны улмаас тус дэлгүүрийн агааржуулагчийн хоолой шатаж байсныг 10 минут
ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт адууны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:18 цагт очиход иргэн М-ийн 5х5 метрийн хэмжээтэй адууны хашаа шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, /5 дугаар цэцэрлэгээс зүүн хойд зүгт 0.2 км/-т өндөр хүчдэлийн агаарын шугам шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:01 цагт очиход /КТПН-12/ өндөр хүчдэлийн дэд станцын 0.4 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын утас шатаж байсныг 9 минут ажиллан унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн “Урд цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 35 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т 5 ханатай гэр эд хогшлын хамт 20:30 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 06.02-ны өдрийн 21:45 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 20:45 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:32 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр, иргэн Ө-гийн 3х7 метрийн хэмжээтэй 1 давхар байшин тус тус шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 17 км/-т 06.03-ны өдрийн 05:15 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 05:23 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд 05.30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан-Арал багийн “Цагаан гарам” гэдэг газраас “Хуст-Арал” гэдэг газар хүртэл 15 км-т завиар, голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.   

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг /сумын төв/-д тус сумын харьяат иргэн Б нь 06.01-ний өдрийн 11:00 цагийн орчим /гэр бүлийн маргааны улмаас/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн “Бяцхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т 06.02-ны өдрийн 19:30 цагийн орчимд 16-19 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 06.02-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус багийн малчин Б-гийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top