ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн чадавхыг дээшлүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Алба хаагчид он гарсаар аймгийн хэмжээнд тохиолдсон 24 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Ой, хээрийн түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар, ахуйн гал түймэр 26 хувиар тус тус буурсан байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх, зорилгоор хэрэгжүүлж байгаа “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд аймгийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх үнэлгээний ажлын хэсгийг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, Баруун-Урт хотын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж ажилласан.
Мөн автомашины хяналтын төхөөрөмжийн программ, техник хангамжийн тохиргоог хийж, автомашинуудад суурилуулан, гал түймэр, гамшиг ослын дуудлагаар ажиллахад төвөөс хянах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн ард, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг олгох 215 удаагийн сургалтыг хийж, 5500 орчим иргэнийг хамруулсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр танилцууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн алба хаагчдад байгууллагын үйл ажиллагаа, бодлого хэрэгжилтийг танилцуулан, үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.