Алба хаагчдыг сургалтад хамруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэв

9X1A1654.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн олон улсын стандартуудын хэрэгжилт, нутагшуулалтын талаар хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлээ.

Онцгой байдлын газар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн төлөвлөгөөг боловсруулан, алба хаагчдыг сургалтад хамруулсан.

Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 10 алба хаагч тус бүрт байрны урьдчилгааг олгосон бол таван алба хаагчид таван ханатай гэрийг орон нутгаас болон аж, ахуйн нэгж, байгууллагаас шийдвэрлүүлэн хүлээлгэн өгсөн байна.

 Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллага нь  2020 онд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болсон. Тус стандартын хэрэгжилтийг дүгнэх, мэргэжил, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.  Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилт, гарч буй үр дүн, шаардагдах баримт бичгийг боловсруулалтыг үнэлж, цаашид стандартуудыг нутагшуулахад анхаарах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top