Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-ний өдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 6, 7-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 9-ний өдрөөс нутгийн баруун хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Хазар-Бат” ХХК-д нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 19:38 цагт очиход 100 тн орчим хаягдал нүүрснээс 30 тн орчим нүүрс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 08:57 цагт очиход иргэн Ц-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.     

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:05 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаар, 2 м3 хураалттай мод шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Булган аймгийн Сайхан сумын Хүрэмт багийн Дэнж хорооллын задгай /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Иргэн Д-гийн 7х10 метрийн хэмжээтэй байшин шатсныг тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 4 цаг 52 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1 дүгээр хэсгийн задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 17:21 цагт очиход иргэн Э-гийн 20 метр орчим урттай хашаа шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ зуслангийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 20:41 цагт очиход иргэн Э-гийн 3х5 метрийн хэмжээтэй зуслангийн байр шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулганын Арслан цохио багт орцны үүдний хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:47 цагт очиход байрны орцны үүдний хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.       

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрны 7 дугаар давхрын цонхоор эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 06.04-ний өдрийн 07:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:44 цагт очиход тус байрны 7 дугаар давхрын цонхны тавцангаас иргэн А /36 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлож болзошгүй, унах гэж байсныг 20 минут ажиллан эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” боомт /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/ 1 хүн чингэлэгт дарагдаж нас барсан тухай мэдээллийг 06.04-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. “Цагаан хад” боомтод үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, “Цагаан хад” боомт дахь гэрээт Цагдаагийн хэсгийн алба хаагчид 09:15 цагт очиход “Түгээмэл түмэн хишиг” гаалийн талбайд чингэлэг зөөвөрлөх явцад ачааны автомашины тэвшнээс 20 тн-ын багтаамжтай чингэлэг унаж, “Үнэн үйлс хүч” ХХК-ийн ажилтан Н /46 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат/ дарагдаж нас барсан байсан тул цогцсыг 20:30 цагт гаргаж, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас ирсэн ажлын хэсэгт шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top