Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10,11-нд зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд хуучин нэгдсэн эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан 11х27 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, 61/А байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:32 цагт очиход жалганд ил задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 09:45 цагт очиход иргэн Б-гийн 6×20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:11 цагт очиход иргэн Д-гийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 19.5 км замыг туулан 18:16 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 23:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:47 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд орцны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 02:20 цагт очиход тус байрны зоорийн давхарт амьдардаг иргэн Ч-гийн гэрт хувцас, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:36 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 06.07-ны өдрийн 15:45 цагт цурамд оруулж, мөн өдрийн 16:10 цагт түймрийг бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 42 км/-т 06.07-ны өдрийн 10:17 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:25 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

05.22-ны өдрөөс 06.01-ний өдрийг хүртэл “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 06.07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд 250 км замыг туулан 06.07-ны өдрийн 21:29 цагт анх осолдсон газар хүрэлцэн очсон бөгөөд 06.08-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

6. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн “Дэлийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т 06.06-ны өдрийн 14:30 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.07-ны өдрийн 12:26 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Т-гийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Булган аймгийн Гурванбулаг сумын Хулст багийн “Сумын төв” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т 06.06-ны өдрийн 18:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.07-ны өдрийн 11:11 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд сумын Эрүүл мэндийн төвийн дээврийн зарим хэсэг нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т хүчтэй салхинд малчин Л, Х, Э нарын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн “Ар хадат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км, сумын төвөөс баруун хойд зүгт 36 км/-т 06.06-ны өдрийн 18:20 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.07-ны өдрийн 09:50 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Д-гийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top