Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг хөгжүүлнэ

IMG_1489.jpg

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Төслийн нэгдүгээр үр дүнгийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г /risk.nema.gov.mn/ хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж, ОБЕГ-ын холбогдох төлөөлөл болон төслийн багтай хамтран уулзалт зохион байгуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тус мэдээллийн санг хөгжүүлсэнээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслөөс гаргасан эрсдэлийн дата мэдээлэл, түүнчлэн өнөөдрийн байдлаар ОБЕГ-т ашиглагдаж байгаа гамшгийн холбогдох дата, мэдээллийн санг уялдуулан нэгтгэн ашиглах боломж бүрдэнэ.

Мөн иргэд, олон нийт, хуулийн этгээд нь улсын хэмжээнд бүх түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ болон холбогдох мэдээллийг нээлттэй хүлээж авах юм.

Тус төсөл нь үндэсний хэмжээнд болон зорилтод аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн мэдээллийн сан үүсгэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэрэгсэл, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн санхжүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн дөрвөн зорилготой.

Түүнчлэн төслөөс гарах үр дүн нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг (2030 он)-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top