“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн менежер, хошууч М.Цогтбаярыг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх 2004 онд Гамшгаас хамгаалах тусгай ангид “Шүхэрчин аврагч”-аар томилогдон усчин, шүхэрчин, химичин аврагчаар, 2007 онд Аврах бүлгийн даргаар, 2009 оноос Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төвд “Аврах ажиллагааны багш”, ХСИС-ийн Ахлагчийн сургуульд “Аврах ажиллагааны багш”, 2016 онд Давтан сургалт сэргээн заслын төвд дамжааны захирагч, 2017 оноос өнөөг хүртэл Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд сургагч багш, менежерээр тус тус ажиллаж байна.
-Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Цэнхэр өнгөтэй. Уужим сайхан тэнгэр минь цэнхэр өнгөтэй, тунгалаг сайхан ус цэнхэр өнгөтэй. Мөн бидний өмсдөг хувцас цэнхэр өнгөтэй гээд бүх зүйлс маань шууд хамааралтай учраас.
-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?
Bungy jumping /хурдан үсрэх/-ээр үсрэхийг хүсдэг. Монголд ийм төрлийн спорт байхгүй учраас илүү ихээр сонирхдог байх.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Бараг л өөрчлөгдөөгүй. Цэргийн хүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд эгэлгүй энэ сайхан албыг сонгосон. Ажилдаа эзэн байхын төлөө илүү хичээж ажилладаг. Бусдын сайн сайхан бүхний төлөө хөдөлмөрлөх нь өөрөө гэгээн цагаан мөртэй гэж боддог. Ажил, албаныхаа өгөөжөөр санасан бүхнээ биелүүлээд л явж байна даа.
–Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?
Өөрийн ажил, мэргэжлийн онцлог гэж байгаа. Түүнийгээ дагаад хийх ажлын үүрэг хүртэл тодорхой байдаг. Тиймээс хийх ёстой ажлаа л сайн хийж, түүнээсээ урам зориг авдаг байх хэрэгтэй л гэж боддог. Сайн, муу ажиллаж байгаагийн маань үр дүн хүн бүрт ил харагддаг шүү дээ. Тийм учраас л хамт олныхоо дэмээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сэтгэлээ шингээж хийх дуртай.
-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Шүүмжлэл. Магтаал надад зохидоггүй юм. /инээв/ Учир нь хэт их бардсандаа алдаж үзсэн. Гэхдээ шүүмжлэл зөв байх хэрэгтэй. Нөгөө талаар тухайн хүнийг зоригжуулдаг, итгэл өгсөн байх зорилготой байвал зүгээр байх л гэж боддог.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Үргэлж дэргэд л байгаа. Миний хамгийн том аз жаргал, утга учир бол гэр бүл, миний ажил. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Эхнэр Г.Алтанцэцэг Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад уртын дуучин ажилтай.
-Таны бахархал?
Эх орон, эцэг эх минь. Мөн зорилго, тангараг нэгт алба хаагчидтайгаа үүрэг гүйцэтгэж байсан аврах ажиллагаа болгоны дараах тайвшрал, инээмсэглэл минь хамгийн том бахархал.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Аль болох хүмүүст туслахыг л хичээж явдаг. Олонтой явах сайхан. Намайг гээд зориод, итгээд ирж байхад би чадах бүхнээрээ дэмжихийг л боддог.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин