“Мөрдөст бүсгүй” дуу бүтсэн түүх

286465096_1509250202862413_1086159900908217662_n.mp4_snapshot_00.18.jpg

  НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын техникч, дэд ахлагч, дуучин М.Сумъяадорж “Соёмбон дор” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 24-ний 19:00 цагт Соёлын төв өргөөнд хийх гэж байна.

Түүний олон улсын эмэгтэйчүүдийн баяраар төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад алба хааж байгаа бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд зориулан гаргасан “Мөрдөст бүсгүй” дуу хэрхэн бүтсэн тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй ийнхүү хуваалцсныг хүргэж байна.

Онцгой байдлын байгууллагад алба хаадаг хүний хувьд өглөө бүр хаана юу гарсан бол, тайван хоносон байгаасай, эх орон минь тайван амгалан байгаасай гэж бодож сэрдэг хүмүүсийн нэг.

    Өдөр шөнө, хүйтэн халуун ямар ч цаг үед эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг бүсгүйчүүдээрээ бахархдаг. Эх орныхоо алтай, говь, хангай гээд олон газар тушаалаар томилогдон ажиллаж байхдаа олон сайхан нягт нямбай, эрэлхэг дайчин бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байна.

    Монгол эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээр, хатан зориг үнэхээр гайхамшигтай. Алунгоо, Өүлэн эхийн удамт зоригт монгол бүсгүйчүүдийн буухиа Мандахуй цэцэн, Ану хатнаар өртөөлөн өнөө цагт ирсэн. Монголын төр, нийгэм бужигнасан ороо бусгаа хамгийн хүнд хэцүү цаг үед монгол бүсгүйчүүд зэвсэг барин босч, эх орноо хамгаалан тэмцэж байсан түүхтэй. Өнөөдөр ч хатан зоригт Монголын охид бүсгүйчүүд буурал дээдсийнхээ баатарлаг түүхийг үргэлжлүүлж, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал, дотоодын цэрэг, цагдаа хүчний байгууллагад эрчүүдтэй мөр зэрэгцэн дэлхийн цэнхэр дуулгатнуудын эгнээг чимж, энхийг сахиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна.

   Энэ сайхан бүсгүйчүүдээрээ бахархаж, алдаршуулах үүднээс анх шүлэг бичих санаа эх орны хоймор Хөвсгөл нутагт төрж байлаа. Ингээд Улаанбаатарт дуу болох хувьтай байжээ.

Нэг өдөр Н.Чулуунхүү гавьяат НОБГ дээр ирж, Ж.Чүлтэмсүрэн хурандаа  биднийг албан ёсоор танилцуулж байлаа. Дуу болох шүлэг байна гээд надаас хэд, хэдэн шүлэг аваад явсан юм. Аялгуу хийх бодолтой явсан байх, харамсалтай нь гавьяат маань бурхны оронд одож, аялгуу тасарсан. Гэсэн ч түүний шавь, дэд ахлагч Д.Сумьяадорж бид нар цэрэг, армид алба хааж буй мөрдөст бүсгүйчүүддээ зориулсан дуу бүтээх ажлыг үргэлжлүүлж, аялгууг залуу хөгжмийн зохиолч, дуучин Б.Сайнтөмөр, хөгжмийн найруулгыг Дундговийн “Дуурьсал” хамтлагийн дуучин Б.Энхбаяр, клипийг “Зат”-ын захирал, кино найруулагч, зураглаач, СТА Ц.Заяабаатар хийж олны хүртээл болголоо.

Цэргийн хүний ар гэр бол мөн л цэргийн хүн шиг болсон байдаг. Алтай, Хангай гээд тушаал аваад үүрэг гүйцэтгэж байхад минь үргэлж хамт байж, ар тал гэр бүлээ бүтэн авч явсан хань О.Алтанчулуудаа ч бас дуугаа зориулжээ.

scroll to top