1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-ны өдөр нутгийн зүүн хагаст, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 12-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 12-ны өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон баг дахь Шалган нэвтрүүлэх цэг нүүрс тээвэрлэж явсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 04:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 44 тн нүүрс тээвэрлэж явсан Э-ын “Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүл дэх нүүрс уугьж байсныг 50 минут ажиллаж аюулгүй болгосон.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн 515 дугаар байр жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход тус байрны зоорийн давхарт 2х2 метрийн хэмжээтэй жижүүрийн өрөөнд эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 61 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. 05.22-ны өдрөөс 06.01-ний өдрийг хүртэл иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 06.07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 06.10-ны өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, Тэшиг сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Сагалдарги” гэдэг газраас зүүн зүгт 67 км-т “Эг-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. 06.11-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлнэ.
Нийслэлэийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж-Алтай ресорт” амралтын газар бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиход тус амралтын газарт эцэг, эхийн хамт амарч байсан Э/3 настай, эрэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон байсан тул Цагдаагийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн болон тус амралтын газрын 36 хүнтэй хамтран “Тэрэлж-Алтай ресорт” амралтын газрын 5 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.11-ний өдрийн 00:45 цагт түр зогсоож, 05:00 цагт эхлүүлсэн. 06.11-ний өдрийн 06:14 цагт “Тэрэлж-Алтай ресорт” амралтын газраас баруун зүгт 1 км-т “Туул” голын уснаас тухайн хүүхдийн цогцсыг олж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/06.09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 06.10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 07:04 цагт “Харуулын гозгор” гэдэг газраас тухайн иргэний өмсөж явсан хувцас, хүнсийг нь олсон тухай мэдээллийг Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, “Харуулын гозгор” гэдэг газраас зүүн зүгт 15 км-т “Харуулын толгой”, “Харуулын-Ар”, “Сүүж” уул гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:02 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Шаварт суусан: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хонгор багийн “Залаагийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Говьсүмбэр аймгийн төвөөс баруун зүгт 23 км-т/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан очиход Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд зорчиж явсан Ц-ын “Карина” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Уртын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т автомашин тогтоол усанд суусан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан иргэн М-ын “Портер” загварын автомашин тогтоол усанд сууж, татан гаргах боломжгүй байсан тул автомашиныг орхиж, жолооч болон 3 зорчигчийг сумын төвд авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Шороон шуурга: Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Завсрын хөх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 244 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ 06.10-ны өдрийн 04:00 цагийн орчим 16 м/сек хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг мөн өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Э-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломгүй эвдэрсэн бөгөөд багийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 06.10-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг Хэлтгий булаг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Усанд автсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Баянбулагийн 5 дугаар гудамжинд иргэн Б-ын гэр бороо орсны улмаас усанд автсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус гудамж дахь автозамын ус зайлуулах шуудуу бөглөрч иргэн Б-ын 5 ханатай гэр борооны усанд автсан байсныг 1 цаг 17 минут ажиллаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР