1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн “Уурхайн найм дугаар-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 125 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ачааны автомашины бүхээг 06.11-ний өдрийн 21:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.“MT86” загварын өөрөө буулгагч автомашины бүхээг шатсан тухай мэдээллийг тус компанийн инжежер 22:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Задгай” ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 09:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Г-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүл шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багийн “Гашуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 78 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 78 км зам туулан очиход иргэн Б-ийн 20х7 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Өлгий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 48 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход Өмнөговь аймгаас Төв аймгийн Баян сумын чиглэлд нүүрс тээвэрлэн зорчиж явсан иргэн А-ийн “Ауман” загварын ачааны автомашинд ачиж явсан нүүрс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Хүй худаг” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин А-гийн гэр 06.11-ний өдрийн 13:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн А-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:30 цагт ирүүлсэн.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 17 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км туулан очиход иргэн Х-ийн хашаанд хаягдал цаас шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Задгай” Баригдаж байгаа барилгын зоорийн давхарт хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход “Мандах нар” хорооллын шинээр баригдаж байсан барилгын зоорийн давхарт хураалттай байсан хөөсөнцөр шатаж байсныг 41 минут ажиллаж ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол:Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. 05.22-ны өдрөөс 06.01-ний өдрийг хүртэл иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 06.07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 06.10-ны өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, Тэшиг сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.11-ний өдрийн 11:40 цагт Хонгор багийн “Сайр толгой” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 60 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ 06.09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 06.10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 07:04 цагт “Харуулын гозгор” гэдэг газраас тухайн иргэний өмсөж явсан хувцас, хүнсийг нь олсон тухай мэдээллийг Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж “Харуулын гозгор” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т “Харуулын толгой”, “Харуулын-Ар”, “Сүүж” уул гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:02 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Замт багийн Харуулын толгой гэдэг газраас”Сүүж-Уул, Баян хунхуй гэдэг газар хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 06.12-ны өдрийн 04:00 цагт дахин эхлүүлсэн.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Сэрх гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 240 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Малчин О-нь 06.11-ний өдрийн 14:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 18:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуд иргэн О /38 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг 18:30 цагаас 23:00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд 06.12-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Аргалант сумын Хашаат багийн Хүйтний хонхорхой гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 131 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 44 км-т/ Говь-Алтай аймгийн харъяат иргэн А-нь 06.09-ний өдөр 22:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:52 цагт тус багийн Хүйтний хонхорхой гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 1.5 км/-ээс эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР