1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн Л-ийн 0.3 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо-ны зүүн талд автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход иргэн Б-ын “Соната-7” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 35 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам баг дахь “Орхон” зочид буудлын хашаанд Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход тус байгууллагын хашаанд 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Эрэл” хорооллын орон сууцны байр өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход тус байрны хашаанд 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн “Хийдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ 06.14-ний өдрийн 00:10 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 00:15 цагт хүлээн авсан. “Аура” загварын суудлын автомашин шатаж, тухайн автомашины жолооч М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид 22 км замыг туулан 01:00 цагт очиж, хэргийн газар дээр ажилласан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4 гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн М-ийн 1 метр урттай хашааны банз шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 112 км, сумын төвөөс зүүн зүгт 1 км/-т 06.09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 06.13-ны өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г Замт багийн “Харуулын толгой” гэдэг газраас “Сүүж-Уул” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 17:13 цагт зогсоосон.
Бусад төрлийн осол /голын усанд суусан/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Асем вилла” хотхоны харалдаа “Туул” гол автомашинтай иргэд усанд суусан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 06:10 цагт очиход нийт 20 зорчигчтой “Сай”, “Нөүт”, “Приус-30”, “Аксио”, “Приус-10”, “Вилл” загварын суудлын автомашинууд “Туул” голын усанд суусан байсныг 8 цаг 30 минут ажиллан иргэд болон, автомашинуудыг аюулгүй газарт гаргасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн Бумбан-Овоогийн 9 дүгээр гудамжинд бохир усны нүхэнд 1 хүн унаж, ухаангүй байна гэсэн дуудлагыг 2022.06.13-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн С /45 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй бохир усны нүх рүү унаж, ухаангүй байсныг 24 минут ажиллан гаргаж, сум дундын Эмнэлэгийн эрхлэгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР