“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал болно

9X1A0222.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож үг хэлэх үеэрээ энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг 2022 онд эх оронд зохион байгуулахаа зарласан билээ.

Энэ дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Бага хуралд НҮБ, Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгч, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцоно.

Оролцогчид  НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох, “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”, “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top