ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.03.11-03.17/

Хүн, малын халдварт өвчний талаар:
3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 275 хяналтын цэгт нийт 1155 хүн, 254 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 695 өрхийн 3388 толгой малыг зориудаар устгаж, 3617261 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн суманд гарсан “Галзуу” өвчин,  Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан “Боом” өвчин гарсан тул хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан “Боом” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул сумын Засаг даргын захирамжаар тус тус цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, тээврийн хэрэгсэл саатсан тухай нийт Аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс аюулт үзэгдэл, ослын нийт 43 удаагийн дуудлагаар ажиллан 52 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 03 дугаар сарын 11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд:
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гарсан зам тээврийн осолд өртөж 1 иргэн амь насаа алдсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт дулааны шугам сүлжээний худагт 1 цогцос байсныг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
Дорнод аймгийн Матад суманд 2 иргэн амь насаа алдаж, 1 иргэн түлэгдсэн.Нийт 4 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Обьектын гал түймрийн талаар:
2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 25 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Хээрийн түймрийн талаар:
Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Төв аймгийн Баян сум, Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг өдөрт нь тус тус бүрэн унтраасан.

scroll to top