Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Цагаан толгой” гэдэг газар 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болсон хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын төвийн цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 5 ханатай 1 гэр нурсан.
Хүн, малын халдварт өвчний талаар:
3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 264 хяналтын цэгт нийт 1079 хүн, 227 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 703 өрхийн 3432 толгой малыг зориудаар устгаж, 3918648 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Архангай аймгийн Батцэнгэл сум, Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ сум, Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Төгрөг сум, Хэнтий аймгийн Дадал сум суманд гасран “Галзуу” өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Өвөрхангай аймгийн Хархорин суманд гарсан “Боом” өвчин, Орхон аймгийн Жаргалант суманд гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчин, Нийслэлийн Налайх дүүрэгт “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин гарсан тул хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Жинст сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Уянга сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн суманд гарсан “Галзуу” өвчиний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын захирамжаар цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, тээврийн хэрэгсэл саатсан, сураггүй болсон тухай нийт 32 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 4 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 03 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд:
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гарсан зам тээврийн осолд өртөж 1 иргэн амь насаа алдсан. Баянхонгор аймгийн Өлзийт сум, Төв аймгийн Зуунмод суманд гарсан түймрийн улмаас 2 иргэн амь насаа алдсан. Нийт 3 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Обьектын гал түймрийн талаар:
2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 32 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Хээрийн түймрийн талаар:
Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Хэнтий аймгийн Баянмөнх сум, Төв аймгийн Баянжаргалан сум, Архангай аймгийн Хотонт суманд гарсан хээрийн түймрийг өдөрт нь тус тус бүрэн унтраасан.