Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
Увс аймгийн Наранбулаг сумын “Нарийн цагаан” гэдэг газар 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчтэй салхи, шороон шуурга шуурсны улмаас иргэн Батбуянгийн 6 ханатай гэр унасан, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Баарай” гэдэг газар 05 дугаар сарын 09-ний өдөр орсон нойтон цас болон цасан шуурганы улмаас 3 айл, өрхийн мал бэлчээрлэх боломжгүй болсон, мөн Нийслэлийн Налайх дүүргийн “Тэрэлжийн даваа”-нд 05 дугаар сарын 07-ны өдөр, Өвөрхангай аймгийн “Шарт”, “Бумбат”-ын даваанд 05 дугаар сарын 09-ний өдөр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа”-нд 05 дугаар сарын 09-ний өдөр орсон нойтон цас болон цасан шуурганы улмаас автомашин зорчих хэсэг цасанд боогдсоныг дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүллээ.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга сум, Увс аймгийн Сагил сум, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагаан-Уул, Шинэ-Идэр сум, Хэнтий аймгийн Мөрөн зэрэг сумдад “Галзуу” өвчин, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт “Боом” өвчин гарсан тул дээрх сумдын засаг дарга нарын тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Өвөрхангай аймгийн Уянга сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан “Галзуу” өвчин, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Хадатын-Ам” гэдэг газар гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчний улмаас тус тус тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Энэ хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган, Баян-Өлгий аймгийн Өлгий, Дорнод аймгийн Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Сайхан, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай 22 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 36 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 1 иргэн нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Обьектын гал түймрийн талаар:
2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 45 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.
Ой, хээрийн түймрийн талаар:
Дорнод аймгийн Дашбалбар сум, Увс аймгийн Улаангом сум, Хэнтий аймгийн Дадал суманд гарсан хээрийн түймрийг өдөрт нь бүрэн унтраасан.