1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-ний өдөр говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 19-ний өдөр говийн бүс нутгаар 13-15 м/с, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Шугшаа” хороолол байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 8×10 метрийн хэмжээтэй байшингийн 1.50 метрийн урттай агааржуулалтын хоолой шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багийн “Баруун булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Малчин П-ийн зөөврийн сууц 06.16-ны өдрийн 06:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Малчин П-ийн 3х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж, уг гал түймэрт малчин А /40 настай, эрэгтэй/, З /38 настай, эрэгтэй/, Д/8 настай, эрэгтэй/, Х /5 настай, эрэгтэй/ нар нүүр, гар хэсгээрээ түлэгдсэн тул сумын Засаг даргын Тамгын газраас очсон ажлын хэсэг тухайн иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн тухай мэдээллийг Өргөн сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. (Малчин А, Х нарын биеийн байдал хүндэвтэр, З, Д нарын биеийн байдал хэвийн байна)
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр, 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн “Хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдөр 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход малчин Б-ийн 30х40 хэмжээтэй малын саравч, 2х3, 3х3, 4х4 хэмжээтэй амбаар, малын бууц шатаж байсныг 3 цаг 36 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумы 2 дугаар багийн “Булаг” хорооллын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 48 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Суудлын автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 48 км замыг туулан очиход иргэн Г-ийн “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн задгай Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Л-ын 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Болор” хотхоны 7/2 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:54 цагт очиход тус байрны гадна 3х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгон /аймгийн төвөөс баруун урд зүгт 274 км-т, сумын төвөөс хойд зүгт 18 км-т, Сайхан сумаас баруун урд зүгт 60 км-т/ Малчин М 06.14-ний өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад ирээгүй, унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн. “Орхон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 06.15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 06.16-ны өдрийн 06:00 цагаас Орхонтуул сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газарт иргэн М/14 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн “Цуу тайж” гэдэг газраас зүүн хойд зүгт 15 км-т “Гурван тархи” гэдэг газар дахь “Орхон” голын усны мандлаас цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 54/В байрны 2 дугаар орцонд бага насны хүүхэд хөлөө хана болон паарны завсар оруулаад гаргаж чадахгүй байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 06.16-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход Т/2 настай, эрэгтэй/ баруун хөлөө хана болон паарны завсар оруулаад гаргаж чадахгүй байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Аадар бороо, мөндөр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн Чичингийн-Өвөр, Хувтын дөрөлж гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 275 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 06.15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хооронд тус багийн нутгаар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Чичингийн-Өвөр, Хувтын дөрөлж гэдэг газар 12 өрхийн 11 тугал, 19 хурга, нийт 30 төл мал хорогдож, 10 өрхийн байшингийн дээврийн хар цаас цоорч, 1 өрхийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 06.16-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Чичин багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт 06.16-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг хийсэн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Овооны-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 06.15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хооронд тус сумын нутгаар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Тээл багийн Овооны-Өвөр гэдэг газар малчин Л-ийн 40 бог мал хорогдсон тухай мэдээллийг 06.16-ны 17:10 цагт хүлээн авсан. Малчин Л-ийн 5 хонь, 35 ямаа хорогдсон бөгөөд 06.17-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт очиж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажил хийнэ.
– Шороон шуурга: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгит багийн “Донгит”, “Улаан бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ 06.15-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 3 өрхийн гэр нурж, 1 автомашины цонх хагарсан тухай мэдээллийг 06.16-ны 10:30 цагт хүлээн авсан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 06.16-ны өдөр тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г, Л, Г нарын 5 ханатай 3 гэр нурж эвдэрсэн, иргэн Л-ийн “Аллион” загварын суудлын автомашины цонх хагарсан тухай мэдээллийг Донгит багийн Засаг даргын Тамгын газрын дарга,Шанх багийн Засаг даргын Тамгын газрын дарга нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 72 км-т/ 06.15-ны өдрийн 20:50 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 5 өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 06.16-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 06.16-ны өдөр тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд шуурганд малчин Х, М, Д, О нарын 5 ханатай 4 гэр, М-ийн 4 ханатай 1 гэр тус тус нурж, эвдэрсэн мэдээллийг Мааньт багийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР