Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 22, 24-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 3-р хороо зочид буудлын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5,0 км замыг туулан очиход иргэн О-ийн эзэмшлийн зочид буудлын өрөөнд буйдан шатаж байсныг 05 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Бест” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ын “Бест” хүнсний дэлгүүрийн 4х7 метрийн хэмжээтэй өргөтгөлийн хэсгийн дээвэр болон ундааны хөргөгч тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Б-ын 4×7 метрын хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 108 дугаар байрны орцонд утаатай гарч байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3,5 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 350км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “ПЕТРО-ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” Газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид түймэр дээр ажиллаж байна. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол:Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлагыг 06:20-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 12:30 цагт хаяг дээр хүрэлцэн очиход “Туул” голын салаанд усанд боогдсон иргэн Б /19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, С /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Н /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Б /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, М /18 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Б/19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Ш /19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/ нарыг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багт “Цагаан нуур” /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвдөө/   Нууранд машин осолдсон дотроо хүнтэй байж болзошгүй гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдэж 06.21-ний өдрийн 04:30 цагт Цагаан нуур суманд очсон.

Өндрөөс унах:Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 1 дүгээр байр гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгсөн. /Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бэртэл гэмтэлгүй/

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс 2021.06.15-ны өдөр Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 2021.06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021.06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч 06.28-ны өдрөөс 07.02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй зогсоосон. 2022.06.15-ны өдөр дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг Хагийн хар нуур гэдэг газраас Халзангийн даваа гэдэг газар хүртэл 21 км явганаар болон морьтой эрлийн ажил зохион явуулж 21:00 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул түр зогсоосон. 2022.06.21-ний өдрийн 06:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top