Г.Мөрөн
“Гамшгаас хамгаалах тухай” хуулийг 2003 оны зургаадугаар сард Улсын Их Хурал баталж байв.
Ингэснээр Монгол Улсад гамшгаас хамгаалах удирдлагын шинэ бүрэлдэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиг үүрэг бүхий орчин үеийн Онцгой байдлын алба байгуулагдах эрх зүйн үндэс бий болжээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж орчин цагийн Онцгой байдлын албыг байгуулснаас хойш ийнхүү 18 жилийн ойтойгоо золгож байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ хугацаанд 24,301 хүний амь нас, 572.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн энэ хугацаанд салбарт хууль эрх зүйн орчинд томоохон шинэчлэлүүд хийснээс онцолбол,
- Онцгой байдлын байгууллагад ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сараар,
- алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тооцох,
- алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах салбар, нэгжид томилогдсон алба хаагчид үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох,
- албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгох,
- аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагчдад таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож байхаар болсон зэргийг нэрлэж болох юм.
Түүнчлэн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл нуурын ай савыг түшиглэн хойд бүсийн “Гүний усны сургалтын төв”, Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд баруун бүсийн “Усны сургалт, хяналт дадлагын төв”, Дорнод аймгийн нутаг Буйр нуурын хөвөөнд Зүүн бүсийн усны сургалт, дадлагын төв болон олон улсын стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай, спорт заал, гүйлтийн замтай “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг тус тус байгуулаад байна.
Байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл, өвчин тахал, гал түймэр гээд бүхий л хүнд цаг үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж байдаг онцгой байдлын албаныхан өнөөдөр өөрсдийн хэрхэн ажилладаг талаар болон хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөө олон нийтэд танилцуулах өдөрлөгийг төв талбайд зохион байгууллаа.
Эх сурвалж: ikon.mn