Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, 24-ний өдөр тал, хээрийн нутгаар түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 25-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 4 метрийн урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн “Жаргалант” хүүхдийн парк өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2.4 км замыг туулан очиход 1.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.        

Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Зээрэнгийн дөрөлж” гэдэг газар /aймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход малчин Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй өвөлжөө, малын бууц шатаж байсныг 2 цаг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр гудамж цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О /47 настай, эрэгтэй/ согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байсан тул Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 2 давхар барилга дээр автокран унаж, 2 хүн дарагдаж нас барсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход  2 давхар барилга дээр ажиллаж байсан “ZLJ5419” загварын автокран унаж,  ажилтан Х 36 настай эрэгтэй, Б /20 настай, эрэгтэй, нар дарагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top