Азид үер, Европт ган нүүрлэжээ

-үер-Европт-ган-нүүрлэжээ.jpg

Энэтхэг болон  Бангладеш улсад олон сая хүн үерт автаж, өчигдрийн байдлаар 100 гаруй хүн нас бараад байгаа талаар “CNN” мэдээлэв. Зүүн Азийн эдгээр оронд 1.3 тэрбум хүн амьдардаг. Тэд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн аюултай үерийн гамшигт өртөөд байгаа нь энэ юм.

Тодруулбал, Энэтхэгийн Ассам мужид энэ сарын 14-нд их хэмжээний бороо орсны улмаас 5.5 сая хүн үерт автаж, хамгийн багадаа 48 хүн нас бараад байгааг Гамшгаас хамгаалах газраас мэдээлжээ.

Энэ талаар Мужийн захирагч Химанта Бисва Сарма “Засаг захиргааны зүгээс үерт өртсөн хүн, амьтан болон бусад эд зүйлсийг бүртгэх цахим сайтыг ашиглалтад оруулна. Үүний дараагаар үерийн улмаас хохирол учирсан хүмүүст туслах тусламжийн багц тараах тогтоолыг батална” гэж мэдэгджээ.  Олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас гудамж талбай усанд автаж, машинууд живж, хүмүүсийн бүсэлхийгээр татахуйц их хэмжээгээр үерлэснийг орон нутгийн телевизүүд  мэдээлж байна. Ассам мужид  тавдугаар сард болсон үерийн улмаас  хамгийн багадаа  39 хүн амиа алдсан билээ.

Мөн хөрш Мегалая мужид энэ сарын 9-нөөс хойш орсон борооны улмаас 25 хүн нас барж, 11 хүн сураггүй болж, 22 хүн гэмтсэн гэж удирдлагууд нь мэдээлэв.

Дөрөв болон тавдугаар сард Энэтхэг болон Пакистанд хэт их халж байснаа одоо гэнэт их хэмжээний бороо орж үерлэснийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс гадна хяналтгүй барилга, хурдацтай үйлдвэржилт зэрэг хүчин зүйл цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ.

ҮЕРТ 1.6 САЯ ХҮҮХЭД ӨРТӨВ

Энэтхэгтэй зэргэлдээ Бангладеш улс мөн үерийн гамшигт өртөж, 22 хүн нас бараад байна. Үерт дөрвөн сая хүн боогдсоноос 1.6 сая хүүхэд байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ. Энэ талаар Хүүхдийн сангийн Бангладеш дахь Суурин төлөөлөгч Шелдон Иет “Одоогоор хүүхдүүдэд цэвэр ус л хэрэгтэй. Учир нь тэднийг бохир уснаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь бидний хамгийн санааг зовоож байгаа асуудал болоод байна” гэв.

Тус улсын Силхет бүс нутагт сүүлийн 122 жилд болоогүй хүчтэй үерийн гамшиг тохиогоод байгаа талаар хотын Гамшгийн ерөнхий газрын захирал Ройтерс агентлагт ярьжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Силхетэд эрүүл мэндийн байгууллагууд нь үерт автаж, хүүхдүүд живэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 36 гаруй мянган хүүхдийг гэр бүлийн хамт хоргодох байранд шилжүүлжээ.

Үүнээс гадна сургуулиуд хааж, шалгалтаа цуцалсан нь цар тахлын улмаас олон сар хаалттай байсан тус улсын боловсролын салбарыг улам ихээр хүндрүүллээ гэдгийг Хүүхдийн сан тодотгов.

Бангладешд үүссэн үерийн гамшгийн улмаас удирдлагууд нь тус улсын хойд болон баруун хойд мужийн иргэдийн хоргодох байр руу хоол хүнс, ундны ус хүргэхээр тэмцэж байгаа юм.

Гэхдээ үерийн улмаас алс холын бүс нутагт ус, хүнс хүргэх нь ихээхэн бэрхшээлтэй болжээ. Иргэдийн зүгээс хүнсний тусламж үзүүлэхийг хүлээн сууж байгааг “BRAC” төрийн бус байгууллагын захирал Аринжой Дхар бичлэг болгон цахим ертөнцөд нийтэлжээ. Тус байгууллагаас иргэдэд хоол хүргэх төвийг даваа гарагт нээсэн ч зохицуулалт хангалтгүйгээс хүрэх эзэндээ очиж чадахгүй байгааг мэдээлэв.

Засгийн газрын зүгээс иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийн тулд өнгөрсөн баасан гарагаас цэргүүдийн тусламжийг авч эхлээд байгаа юм. Тодруулбал, хамгийн их үерт автсан хоёр мужаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хүчтэй үер нь Энэтхэг, Бангладеш улсын иргэдийн гэрийг усанд автуулан, замыг эвдэлж, ургацыг сүйрүүлээд байгаа юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын тайланд мэдээлснээр дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилбэл Бангладешийн хүн амын 17 хувийг ойрын 10 жилд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болно гэв. Мөн тус тайланд “Жилийн болон зуны хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ” гэж тусгажээ.

ЕВРОПТ 42 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛЖ БАЙНА

Азид үер болж байхад бөмбөрцгийн нөгөө талын Европт маш их халж, гадаа талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Испани улсад зуны эхэн сар гэхэд агаарын температур хамгийн халуун буюу оргил цэгтээ хүрлээ. Харин Францад гадаа ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бол Италийн тариаланчид хэт халалтын улмаас ган гачигт өртөж, Европ тивийнхэн сэрүүн өдрүүдийг мөрөөдөж байна.

Испанийн нийслэл Мадрид хотод баасан гарагт 40 градус хүрч халсныг тус улсын Цаг уурын газраас /AEMET/ мэдээлэв. Энэ нь 1981 оноос хойш хамгийн халуун температур юм. Харин Италийн хойд бүс нутагт ган гачгийн улмаас тариаланчид хамгийн их хүнд өдрүүдийг туулж, ургацынхаа тал хувийг алдах эрсдэлтэй байна. Нуур, голын усны урсац багассан нь усалгааны системийг гацахад хүргээд байгаа юм. Үүнээс гадна тус улсын хамгийн том По голын усны түвшин хамгийн бага хэмжээнд хүрч, олон гол мөрөн ширгэж байгааг анхаарууллаа.

Испанийн удирдагч Педро Санчез “Иберийн хойг улам их хуурайшиж, голын усны түвшин буурч, урсац багасч байна” гэв. Мөн Португал улсын газар нутгийн ихэнх нь ган  ганчигт өртөөд байгаа юм.

Францын Жиронде мужид олон нийтийг хамарсан үйл ажиллагааг агааржуулагчгүй дотор орчинд зохион байгуулахыг хориглов. Учир нь тус улсад өнгөрсөн бямба гарагт агаарын температур 41-42 градуст хүрч халсан юм. Харин шөнөдөө 26.8 градусын халуун байна. Энэ талаар мужийн захирагч  Фабьен Буччио “Хүмүүсийн эрүүл мэнд эрсдэлд ороод байна” гэж “France Bleu” радиод ярьжээ.

Тиймээс тус улсын 14 мужийн захиргаа анхааруулга гаргаж, сурагчдыг гэртээ байхыг зөвлөж байна. Их Британид баасан гарагт 32 градус хүрсэн нь хамгийн халуун өдөр байсан гэдгийг цаг уурын газар нь мэдээлэв. Тиймээс тус улсын цэцэрлэгт хүрээлэн, усан сан, далайн эрэг хүнээр дүүрчээ.

Энэ үеэр оюутан Чарли Уксел “Би Кипр улсаас ирсэн. Манай улсад бороо орж байхад энд шатмаар халуун байна. Бид зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй санагдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүст урьдчилан сануулж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол юу тохиолдох бол гэдэгт бид үнэхээр их сэтгэл түгшиж байна” гэж ярьжээ.

Ийн нэг тивд хэт их бороо орж, үерлэж байхад нөгөө тивд хэт их халж байгааг ажиглагчид уур амьсгалын өөрчлөлтийн илрэл хэмээн тайлбарлаж байна. Тиймээс улс орнуудыг ийм аюул тулгарахаас сэргийлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвлөлөө.

scroll to top