Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Ривэр гарден” хотхоны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход 0.4 га орчим газар шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” худалдааны төвийн зогсоол шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход 0.8 га орчим газар шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Өлийн 17 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 5 ханатай 2 гэр, М-ын 5 ханатай 1 гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 5 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн дэд станцад амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өнөр хороолол 5 дугаар багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Д-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст-Арал 1 дүгээр багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Х-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Хар ганга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг-Урт 4 дүгээр багийн “Эрдэнийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км/-т Зам тээврийн осол болж 1 иргэн автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 17:03 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын автомашин /дотроо 5 зочигчтой/, Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Королла Фиелдэр” загварын суудлын автомашин /дотроо 5 зорчигчтой/, автозамын зорчих хэсэгт хоорондоо мөргөлдөж иргэн Б /52 настай, эрэгтэй/ автомашин эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 1 цаг 35 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 99/Б дүгээр байр 11 дүгээр давхраас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг иргэн Х /42 настай, эмэгтэй/-нь тус байрны 11 дүгээр давхрын тагтан дээрээс амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 30 минут ажиллаж аюулгүй буулган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2 дугаар гудамж иргэн Ч 06.16-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ч /52 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г 06.24-ний өдрийн 20:45 цагаас эхлэн тус сумын Баянбулаг багийн 2, 3 дугаар хэсгийн 36 гудамжинд явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:37 цагт түр зогсоосон. 06.25-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top