Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон.

 Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халхын голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 07 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Ц-ын “Арвижих” хүнсний дэлгүүрт эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Нарийн харгайтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 518 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 128 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Хилийн 0130 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ийн 20х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, их хэмжээний бууц шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.         

Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн 1 дүгээр гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 500 м зам туулан очиход иргэн О-ийн 7×3 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Д-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усны осол: Төв аймгийн Заамар сумын Тосон багийн “Долоон булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т/ тогтоол усанд 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн М /9 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.    

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Дээд модот булангийн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоноос хойд зүгт 30 км-т/Өсвөр насны хүүхэд 06.25-ны өдөр адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид иргэн М /16 настай, эрэгтэй/-ыг 06.27-ны өдрийн 05:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:26 цагт тус багийн “Ардагийн-Ам” гэдэг газар /гэрээс нь зүүн хойд зүгт 3 км/ -аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад осол /ахуйн осол/: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Цэргийн хотхон”-ы 8 дугаар гудамжинд хашааны хаалганы төмөр түгжээний нүхэнд хүүхэд хуруугаа хийсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан очиход иргэн Б/6 настай, эрэгтэй/-нь хашааны хаалганы төмөр түгжээний нүхрүү баруун гарын дунд хургуугаа хийгээд буцааж гаргаж чадахгүй байсныг гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top