Украины зэвсгийн агуулахыг устгах үеэр худалдааны төв шатсан гэж Оросын тал тайлбарлажээ

vfvnqj_kremenchuk_attack_x974.jpg

Даваа гарагт Оросын зэвсэгт хүчин Украины төв бүсийн Кременчук хотын худалдааны төвд пуужингийн цохилт өгсний улмаас олон хүн алагдаж, шархадсан юм.

Өчигдөр буюу Мягмар гарагт нурангийн дороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж, нийтдээ 18 хүний амь үрэгдсэнийг  баталгаажуулсан байна. Өөр 36 хүн сураггүй болсон тул хохирлын хэмжээ нэмэгдэх нь тодорхой болжээ.

Пуужингийн цохилтын үеэр худалдааны төвд 1,000 гаруй хүн үйлчлүүлж байсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зориудаар иргэний байгууламжийг цохилтын бай болгосон ОХУ-ын талыг буруутгаж байгаа.

Тэрбээр энэ үйл явдлыг “Европын түүхэн дэх хамгийн том террорист халдлагуудын нэг” гэж тодорхойлжээ.

Харин ОХУ-ын батлан хамгаалах яам хууль ёсны байд цохилт өгөх үеэр ойролцоох худалдааны төвд гал гарсан гэж тайлбарласан байна.

Тухайлбал Өрнөдийн орнуудын илгээсэн зэвсгийг хадгалж байсан агуулахад цохилт өгөх үеэр ойролцоох худалдааны төвд гал гарсан гэж тайлбарлажээ.

Бас худалдааны төв цохилт болох үеэр хаалттай, хүнгүй хоосон байсан гэж мэдэгдсэн байна.

Гэвч хэлмэгдсэн иргэдийн мэдүүлэг ОХУ-ын эрх баригчдын тайлбартай зөрчилдөж байгаа юм. Мөн Кременчукт цэргийн ямар ч байгууламж байгаагүй гэж Киевийн эрх баригчид мэдээлж байгаа. Германд үргэлжилж буй Их Долоогийн дээд чуулганд оролцогчид Кременчукийн халдлагыг буруушааж байгаагаа мэдэгджээ.

“ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон бусад холбоотой хүмүүст хариуцлага хүлээлгэх болно” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова “Энэ бол хүмүүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм. Иргэний байгууламжуудад системтэй халдах нь ямар зорилготой вэ? Миний бодлоор энэ бол хүмүүсийг айлгах, цочроох зорилготой” гэж хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Оросын тал агаарын цохилтоо эрчимжүүлж, хэсэг хугацаанд тайван байсан Киев, Харьков хотуудыг бөмбөгдөж эхлээд байгаа.

Ням гарагт Киев хотын төвийн орон сууцны барилга, цэцэрлэг пуужингийн цохилтод өртөх үеэр нэг хүн амь үрэгдэж, зургаан хүн шархадсан юм. Даваа гарагт Харьков хотыг бөмбөгдөх үеэр орон сууц, сургуулийн барилга өртөж, таван хүн алагдан 22 хүн шархаджээ.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр Кременчукийн халдлагатай холбоотой Украин улсын хүсэлтээр шуурхай хуралдаан зарласан байна.

Эх сурвалж: Reuters

scroll to top