Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд нутгийн зарим газраар, 8-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:04 цагт очиход тус хотхоны орцны гадна ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:10 цагт очиход иргэн П-гийн эзэмшлийн 3х10 метрийн хэмжээтэй малын хашаа, бууц шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 12:34 цагт очиход иргэн Х-гийн 6 ханатай гэр, 5 ханатай гэр, 40 м хашаа, Ч-гийн 6 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:24 цагт очиход иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс иргэн М /52 настай, эрэгтэй/-ыг аварч гаргасан.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 07.03-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.03-ны өдрийн 20:19 цагт цурманд оруулж, 21:40 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осолДорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багийн “Задгай” /Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд/ Хэрлэн голын усанд 1 эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “7 дугаар худаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 21 км/-т гэр бүлийн 20 хүн аялж явсанаас 1 том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, 8 удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 07.03-ны өдрийн 17:10 цагаас эхлэн иргэн Д /26 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат/-ийг “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Жаргалант-Өргөө” хорооллын авто гараашийн урд ус зайлуулах хоолойн төмөрт хүүхэд хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:32 цагт очиход “Жаргалан-Өргөө” хороололд оршин суугч О /9 настай, эмэгтэй/ авто гараашийн урд талын ус зайлуулах хоолойн төмөр хаалтанд баруун хөлөө хавчуулсан байсныг 10 минут ажиллаж гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Булган аймгийн Могод сумын Жаргалант багийн “Шанд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т 07.02-ны өдрийн 16 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 07.03-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Хүчтэй салхинд малчин С-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Булган аймгийн Булган сумын Булган багийн нутагт дэвсгэрт 07.02-ны өдрийн 18:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас 3 айлын байшингийн дээвэр хууларч, хашаа нурсан тухай мэдээллийг 07.03-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Хүчтэй салхинд иргэн Г-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, М-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хашаа, Б-гийн 6х12 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, хана тус тус нурсан тухай мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Гол, мөрний усны үер: Төв аймгийн Эрдэнэ сумын “Цонжин болдог” цогцолборын автозамын дэргэд суудлын автомашин /дотроо 3 хүнтэй/ үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 21:05 цагт очиход Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч иргэн С /39 настай, эмэгтэй, 6-8 насны 2 хүүхэдтэй/ “Приус-20” загварын суудлын автомашинтай үерийн усанд боогдсон байсныг 30 минут ажиллаж аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top