1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6,7-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 07:32 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 08:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 08:10 цагт очиход иргэн М-ийн “Эко” хүнсний дэлгүүрийн 11х10 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:58 цагт очиход иргэн Б-гийн 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:46 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн “Рашаант тавьт” гэдэг газар /сумын төвд/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 15:52 цагт очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр, 3×5 метрийн хэмжээтэй амбаар, “Раун”, 16-32 ХОА улсын дугаартай “Портер” загварын автомашин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Задгай” /сумын төвд/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиход иргэн Н-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 01:44 цагт очиход иргэн Т-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Аргангат”-ын даваа гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 00:40 цагт унтраасан бөгөөд тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Бадамшийн тал” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 280 км, сумын төвөөс баруун зүгт 200 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийн голомт руу 01:30 цагт явсан бөгөөд 05:10 цагт очиж унтраахаар ажиллаж 06:25 цагт цурманд оруулсан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Усны осол: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 362 км, сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ Халхын голын эрэг дээр 3 хүн зугаалж байснаас 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:26 цагт очиход тус сумын харьяат иргэн Н /50 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Арцатын 9 дүгээр гудамжны хойд талд/ Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км зам туулан 15:55 цагт очиж /нэр, хаяг нь тодорхойгүй/ 45-50 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Задгай” /Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд/ Хэрлэн голын усанд 1 эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцсаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 17:42 цагт очиж тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг Хэрлэн голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:12 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Арвай вилла” хотхонд шинээр баригдаж байгаа 12 давхар барилгын 10 дугаар давхраас 1 эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 21:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 21:19 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн А /36 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг Цагдаагийн байгууллагын алба хаагч эсэн мэнд буулгасан байсан.
5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи шуурга: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Хар чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс хойд 10 км-т/ 07.02-ны өдрийн 13:30-15:00 цагийн орчимд салхины хурд 16-18 м/с хүрсний улмаас 3 айлын гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б, Л, Б нарын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Архангай аймгийн Хангай сумын Гичгэн багийн “Мухар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс зүүн урд 40 км-т/ 07.02-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд салхины хурд 16-18 м/с хүрсний улмаас 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 22:00 цагт ирүүлсэн.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Энх тал багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 169 км, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ 07.02-ны өдрийн 16:00-16:30 цагийн хооронд салхины хурд 16-18 м/с хүрсний улмаас 7 айлын гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б, Л, А, А, Ц, О, С нарын 5 ханатай гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 23:04 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Булган аймгийн Булган сумын Булган багт 07.02-ны өдрийн 17:30-18:20 цагийн хооронд салхины хурд 15-25 м/с хүрсний улмаас 5 ханатай гэр нурсан, орон сууцны байрны дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан. Булган багт иргэн Ө.Шинэбаярын 5 ханатай гэр нурсан, Жаргалант багт 4 давхар орон сууцны байрны төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР