1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6, 7-ны өдөр нутгийн зарим газраар, 8, 9-ний өдөр говь, талын нутгаар 13-15 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-ны өдөр нутгийн өмнөд хагаст халж, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороо, “Их тойруу” болон “Д.Сүхбаатар”-ын гудамжны уулзварын автозамын зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:28 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:34 цагт очиход “Эмсид” ХХК-ийн эзэмшлийн “Аэросити” загвар /Ч:31 Улиастай-Дэнжийн мянга-Улиастай чиглэл/-ийн нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 21:26 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 21:42 цагт очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр. Ягаантолгой багийн 12 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:46 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:50 цагт очиход иргэн Б-ийн “Гига” загварын ачааны автомашины хойд талын дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Ховд аймаг, Дөргөн сум. Агваш багийн “Цоохор нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ “Цоохор” нуурын арал дотор хулс шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан.
Тус Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 23:20 цагт түймрээс 7 орчим км-ын зайтай “Хомын хоолой” гэдэг газар очиж хоноглосон. Түймэр гарсан “Цоохор” нуурыг тойроод намаг, ус ихтэй тул дотор нь орж түймэр унтраах боломжгүй бөгөөд бүлэг очиж хоноглосон “Лүнгийн хоолой” гэдэг газраар түймэр тархаж болзошгүй, тухайн газраас түймэр орж ирсэн тохиолдолд унтраах ажиллагааг зохион байгуулна. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан 07.05-ны өдрийн 05:30 цагт очсон.
Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Хилийн тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 19:53 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 90 км замыг туулан 22:50 цагт түймрийн голомтод очиж, орон нутгийн иргэд, Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж мөн өдрийн 23:50 цагт түймрийг бүрэн унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Зам, тээврийн осол: Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар баг дахь “Үйлдвэрийн район” чиглэлийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:02 цагт очиход “ZZ5257” загварын бетон зуурмаг тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу онхолдож, жолооч Б/46 настай, эрэгтэй/, туслах Э/47 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Төв аймаг, Сэргэлэн сум. Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газар /аймгийн төвөөс урд 38 км-т, сумын төвөөс урд зүгт 8 км-т/ ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 04:30 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ын “Норд бенз-ND4250” загварын ачааны автомашин, Өмнөговь аймгийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Рав-4” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 1 том хүн автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн. /Нас барсан иргэний мэдээллийг тодруулж байна./
Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т 4 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.04-ний өдрийн 05:00 цагаас Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат иргэн Д/26 настай, эрэгтэй/-ийг Хэрлэн сумын 5 дугаар багийн “Цэнхэрийн далан” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 26 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.05-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Буйр” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ 07.14-ний өдрийн 14:00 цагийн орчим 12 хүн “Буйр” нуурын эрэгт амарч байснаас 2 том хүн, 3 хүүхэд хийлдэг завиар /сэлүүргүй/ хөвж байгаад салхинд туугдан нуурын гол хэсэг рүүгээ хөвсөн тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 16:18 цагт очиход Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, Б /22 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, С /3 настай, эмэгтэй/, Д /2 настай, эрэгтэй/ нар нуурын эрэгт хийлдэг завиар хөвж байгаад салхинд туугдан хөвж, сураггүй болсон байсан тул Хилийн 306 дугаар ангийн 2 заставын алба хаагчидтай “Буйр” нууранд эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 07.05-ны өдрийн 05:10 цагт сураггүй болсон газраас баруун хойд зүгт 18 км /Монгол Улсын усан хилээс 4 км-ын дотор/-т БНХАУ-ын “Цагаан-Овоо” гэдэг газрын чиглэлд хөвж байхад нь тухайн иргэдийг эсэн мэнд олж, 06:00 цагт ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, “Маршалын гүүр”-ний зүүн талд “Туул” голын усанд 1 хүн урсаж, голын усан дахь бургаснаас зүүгдэж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:18 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ц /19 настай, эмэгтэй/ “Туул” голын усанд хөл алдан унаж, усан дахь бургаснаас зүүгдэж байсан тул 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төрийн тусгай албан хаагчийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-т хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хороо, Рашаантын 2/Б гудамжинд нүхэн жорлонд 1 хүн унасан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 07:20 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 07:24 цагт очиход иргэн З-ийн 4 метр орчим гүнтэй жорлонд иргэн О /23 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ унасан байсныг 4 минут ажиллан эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЯТТТ-т хүлээлгэн өгсөн.
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга: Архангай аймаг, Тариат сум. Алтай багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ 07.02-ны өдрийн 13:30 цагийн орчим Тариат сумын Алтай багийн “Наран” гэдэг газраар 18-20 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 28 гэр нурсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан.
Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, иргэн М-ын “Майхан толгой” амралтын газрын 27 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Тариат сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Алтай багийн Засаг даргын ажлын албанаас ажлын хэсэг 07.03-ны өдрийн 10:00 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан.
Архангай аймаг, Цахир сум. Хан-Уул багийн “Цойруутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 07.03-ны өдрийн 13:00 цагийн орчим Цахир сумын Хан-Уул багийн “Цойруутын-Ам” гэдэг газраар 14-16 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тухайн газарт нутаглаж байсан 2 өрхийн 3 гэр нурсан тухай мэдээллийг 07.04-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан.
Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, малчин Х-ийн 5 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Цахир сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.03-ны өдрийн 16:30 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР