Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянн-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар 13-15 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 11:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 16 дугаар хорооны “Задгай” Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Тоом багийн “Дунд тоомын-Ужиг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 79 км-т, Ө-50°48’00.0″, У- 98°06’36.0″/ 07.06-ны өдрийн 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 04:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар иргэд нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.    

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Задгай” Цэнхэр хорооллоос урд зүгт 1.5 км-т/ 4 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.04-ний өдрийн 05:00 цагаас Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг Хэрлэн сумын 5 дугаар багийн “Цэнхэрийн далан” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 26 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.05-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:15 цагт “Цэнхэрийн гүүр” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн тийш 10 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 10 дугаар багийн 3 дугаар гудамжны иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 06.28-ны өдрөөс 06.30-ны өдрийг дуустал эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.05-ны өдрийн 14:00 цагт эрлийг дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.05-ны өдрийн 14:35 цагаас эхлэн Өлгий сумын Хуст-Арал багийн “Цагаан-Эрэг” гэдэг газраас Бугат сумын Бугат багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 10 км-т “Ховд” голын усанд завиар урсан, 3.5 метрийн гүнд  4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20  км-т  явганаар болон автомашинаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.06-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Мөндөр: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Ихэр-Улаан багийн “Ихэр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ тус сумын нутгаар 07.04-ний өдрийн 21:30-22:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас бог мал хорогдож, гэр нурж, автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарсан тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. 

Тус сумын харьяат малчин У-гийн 5 ишиг, 2 ямаа, С-ийн 4 ямаа, 2 хонь, 2 ишиг, Г-ийн 9 ямаа, 4 хонь, 9 ишиг, 3 хурга, Ц-ын 196 хонь, 80 ямаа, 142 хурга, 74 ишиг,  нийт 4 айлын 95 ямаа, 202 хонь, 90 ишиг, 145 хурга, нийт 532 бог мал хорогдож, мөн У-гийн 4 ханатай гэр нурсан, малчин Б-гийн “Марк-2” загварын суудлын автомашины салхины шил, гэрэл дохио, Ц-ын “Портер” загварын ачааны автомашины урд салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.05-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.      

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 1, 2, 3 дугаар баг. Тус сумын нутгаар 07.04-ний өдрийн 23:10-00:00 цагийн хооронд ширүүн мөндөр орсны улмаас гэр нурж, автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан.   

Тус сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд иргэн Ц-ын 5 ханатай гэр нурсан, иргэн А, Ө, А, Д, Б, И, Н, Ц нарын 8 суудлын автомашин, 1 ачааны автомашин, нийт 9 автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 07.05-ны өдрийн 23:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Усанд автсан: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 1, 2, 5, 7 дугаар баг /аймгийн төвд/ тус сумын нутгаар 07.05-ны өдрийн 16:00-17:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын гэр, байшин, хашаа, орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 16:50-17:30 цагийн хооронд хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлдын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж тус сумын 1 дүгээр багийн 2 дугаар гудамжинд оршин суугч иргэн Э-ын  байшин, гэр, 2 дугаар багийн 3 дугаар гудамжинд оршин суугч иргэн Д-гийн байшин, 5 дугаар багийн 4 дүгээр гудамжинд оршин суугч иргэн А-гийн гэр, 7 дугаар багийн “Даймонд” хорооллын 3 дугаар байрны зоорийн давхар тус тус усанд автсан байсныг тус бүр 3-5 метр урт шуудуу ухаж гэр хашааны усыг зайлуулж, байшин, орон сууцны барилгын зоорийн давхрын усыг насосоор соруулан гадагшлуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top