Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 11-нд зарим газраар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, Дүүргийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 08:12 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:19 цагт очиход иргэн Д-гийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. “Цагаан-Овоо” багийн “Хуаран” хорооллын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 09:22 цагт /09:30 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:25 цагт очиход иргэн М-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум. 7 дугаар багийн “33 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т/ иргэн Э-гийн “Хьюндай Туксон” загварын суудлын автомашин 07.06-ны өдрийн 10:00 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 4 дүгээр багийн “Хүхрийн ногоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:21 цагт очиход иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 34 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр: Ховд аймаг, Дөргөн сум. Агваш багийн “Цоохор нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ “Цоохор” нуурын арал дотор хулс шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дөргөн, Чандмань сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж, цаашид тухайн газар намаг, ус ихтэй, түймэр тархахгүй, техник ашиглах боломжгүй болсон тул 07.06-ны өдрийн 09:42 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын орлогчийн шийдвэрээр бүлгийг буцаасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Яармагийн гүүр”-ний зүүн талд “Туул” голын усанд 3 хүүхэд орж байгаад 1 хүүхэд хөл алдан живсэн гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат иргэн А/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд оршин суугч иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газар 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авч 06.28-ны өдрөөс 06.30-ны өдрийг дуустал эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин явуулах хүсэлтийг ар гэрээс нь 07.05-ны өдрийн 14:00 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.06-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тус сумын “Ховд гол” багийн “Найрамдлын хөшөө” гэдэг газраас Бугат сумын 3 дугаар багийн “Бугийн гол” гэдэг газар хүртэл 8 км-т “Ховд” голын усанд завиар урсан, 3.5 метрийн гүнд  4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 12  км-т  явганаар болон автомашинаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. 07.07-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top