Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.
Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцож байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа хил хязгаарын халдашгүй дархан байдал, ард түмний амар тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид сүр хүчээ илтгэн, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээр цэргийн ёслолын жагсаалдаа жигдрэн жагссан байна.
Өндөр дээд төрийн тэгш ойнууд таширлан давхцаж, өргөн түмэн олноороо баярлан цэнгэж буй энэ цаг дор 4,000 гаруй цэрэг эрс, цэргийн ёслолын жагсаалд оролцож, монгол цэрэг, монгол инженерүүдийн ур ухаан, уран гараар бүтээсэн тусгай зориулалтын шинэ загварын авто машинууд болон бусад цэргийн зэвсэглэл техникийг ард түмэндээ анх удаа дэлгэн үзүүлэх гэж байна. Монгол цэргийн мэдлэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн цэрэг хэмээн нэрлэгдэж байгааг бахдан хэлэхэд таатай. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээн онцоллоо.
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, БХИС-ийн 4000 гаруй алба хаагч оролцсон юм. Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд морин цэрэг, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа 300 гаруй дугуйт болон хүнд гинжит техник оролцсоноороо онцлог байлаа.
Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал С.Ганбямба командаллаа. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-аас 2008 онд баталжээ. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг уламжлал тогтсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.