1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн аадар орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-ны өдөр нутгийн зарим газраар, 13-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 11-ний өдөр зарим газраар, 12-ны өдөр нутгийн зүүн хагаст 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Гал түймэр
Объектын түймэр: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 13 дугаар багийн “Толбо нуур” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:53 цагт очиход иргэн Д-ын 12х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 3 дугаар давхарт 4х6 метрийн хэмжээтэй өрөөний тааз шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум. 3 дугаар багийн 4 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 21:42 цагт очиход тус тоотын гал тогооны өрөөнд цахилгаан зуух дээр хоол түлэгдэж байсныг аюулгүй болгосон бөгөөд иргэн Э /58 настай, эрэгтэй/ угаартсан байдалтай байсныг аварч, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ЯТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Усны осол: Өвөрхангай аймаг, Уянга сум. Таац багийн “Хүйсийн найман нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Иргэн М нь “Ширээт” нуурын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 85 км замыг туулан 19:20 цагт очиход 30 орчим иргэд зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат иргэн М/34 настай, эрэгтэй/ “Ширээт” нуурын усанд сэлж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:20 цагт нуурын 3 метрийн гүн /эргээс 30 метрт/-ээс цогцсыг олж, Уянга сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол: Булган аймаг, Булган сум. Агуйт багийн 3/Б хэсгийн 9 дүгээр гудамжинд автомашины өргүүр /домкрат/ унаж, засварлаж байсан 1 хүн автомашинд дарагдсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 16:51 цагт очиход иргэн Н /32 настай, эрэгтэй/ “Харриер” загварын суудлын автомашиныг засварлах явцад өргүүр нь унаж автомашинд цээж хэсгээрээ дарагдсан байсныг 1 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ЯТТТ-т хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, Их дарь-Эхийн 1 дүгээр гудамжинд жорлонд 1 хүн унасан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 01:09 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:25 цагт очиход тус тоотод иргэн Ж /30 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 3 метрийн гүнтэй жорлонд унасан байсныг 20 минут ажиллан татан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР