Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:  11-нд баруун болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 11, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд тал хээрийн нутгаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 11,12-нд ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Өвөрхангай аймаг, Арвайхээр. “Дэлгэрэхийн дэнж” багийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:03 цагт очиход иргэн Д-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Баялаг” хорооллын 104 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 02:41 цагт очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, 1000-н машины захын зүүн урд талд “Туул” голын салаа тогтоол усанд /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн / 4 хүн орж байгаад 1 эмэгтэй хүн живсэн гэсэн дуудлагыг 18:00 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 18:34 цагт очиж, тус голд 2 удаагийн шумбалт хийж, 5 метрийн гүнээс Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /19 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Архангай аймаг, Өгийнуур сум. Орхон багийн “Урд мэргэн ташаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Өгийнуур руу 18:00 цагийн орчим 1 хүн хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 19:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан явах замд тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч осолдсон иргэн Э /35 настай, эрэгтэй/-ын цогцос нуурын мандал дээр хөвж гарч ирснийг 19:50 цагт эрэг дээр гаргасан тухай 19:55 цагт мэдээлснээр бүлгийг буцаасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top