Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал урд өмнө болж байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй сүр жавхаатай болж өндөрлөв.
Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцсон юм.
Ёслолын жагсаалд оролцсон нийт бие бүрэлдэхүүний дундаас тэргүүний жагсаалч салбар, тэргүүний жагсаалч эгнээ, шилдэг жагсаалын удирдлагуудыг шалгаруулсан бөгөөд 324 эгнээнээс эмэгтэй цэргийн албан хаагч салбар буюу Онцгой байдлын байгууллагын эмэгтэйчүүдийн хайрцагны 4-р эгнээ “Тэргүүний жагсаалч эгнээ”-гээр шалгарч, Батлан хамгаалахын сайдын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.