Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд тал, хээрийн нутгаар, 14, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 7 дугаар хороо, Наадмын талбайн авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:06 цагт очиход иргэн Б-гийн “Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Булган сум. Бүрэнхайрхан багийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:28 цагт очиход иргэн Б-ийн 6 ханатай шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт М/1 нас 10 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гарган 17:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчид шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Баяншанд багийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 00:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:28 цагт очиход иргэн М-ын 24 м хашаа шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум. Ганц мод багийн “Төгрөг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т “Төгрөг” нууранд 1 том хүн мотоциклтой орсон тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид 50 км зам туулан 15:35 цагт очиход иргэн Ж /39 настай, эрэгтэй/ мотоциклтойгоо нуурын эргээс 50 м зайд хөвж байсныг 25 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын шинжээчид мөн өдрийн 21:30 цагт шилжүүлэн өгсөн.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т “Сэлэнгэ” мөрний усанд иргэн Д адуугаа гол гаргаж байгаад морьтойгоо 16:00 цагийн орчим усанд осолдсон гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 07.10-ны өдрийн 16:37 цагт осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж мөн өдрийн 20:55 цагт очсон. 07.11-ний өдрийн 06:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, “Шувуун фабрик”-ын дэргэд “Туул” голд 14 настай хүүхэд ус руу ороод алга болсон тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 45 км замыг туулан 21:52 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжинд түр оршин суух хаягтай Э /14 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон газраас голын урсгал дагуу 3 км завиар урсаж, 2 м-ийн гүнд 3 удаа шумбаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:35 цагт түр зогсоосон. 07.11-ний өдрийн 06:50 цагаас дахин эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Могойн дэнжид “Туул” голын салаанд 2 хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 00:42 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 01:51 цагт очиход Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 91 дүгээр гудамжинд оршин суух хаягтай иргэн Б /26 настай эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 901 дүгээр байранд оршин суух хаягтай А /22 настай, эрэгтэй/ нар “Туул” голын салаанд гарч чадахгүй болсон байсныг 11 минут ажиллаж гарган Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороо, Баянцагааны энгэрт “Туул” голд автомашин усанд живсэн гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 02:43 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 03:21 цагт очиход иргэн Ү-ын “Приус-11” загварын суудлын автомашин живж урссан, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 142 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Ү /25 настай, эрэгтэй/, Э /22 настай, эмэгтэй/ нар “Туул” голын салаанд гарч чадахгүй болсон байсныг 16 минут ажиллан гаргасан.

Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Дээд Салхитын 36 дугаар гудамжинд бага насны хүүхэд автомашины тээшний хэсэгт орсон гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 12:43 цагт очиход Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар гудамжинд оршин суух хаягтай А /5 настай, эрэгтэй/ “Бенз S400” загварын суудлын автомашины тээшний хэсэгт түгжигдсэн байсныг 4 минут ажиллаж эсэн мэнд гарган аавд нь хүлээлгэн өгсөн.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Согоот багийн 9 дүгээр байранд гэртээ 1 хүн ухаан алдсан байдалтай хаалгаа онгойлгож өгөхгүй байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:32 цагт очиход иргэн Б /50 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн, гэртээ ухаан алдсан байдалтай байсныг 4 дүгээр давхрын цонхоор нь орж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Аянга: Завхан аймаг, Яруу сум. Жаргалант багийн “Их нарийн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 15 км/-т айлын гэр дээр аянга буусан тухай мэдээллийг 07.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан.

Тус сумын малчин Д-гийн 5 ханатай гэр дээр 07.10-ны өдрийн 18:45 цагийн үед аянга бууж тус сумын харьяат иргэн Б /54 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын харьяат Тө/7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Уруйн үер: Ховд аймаг, Жаргалант сум. Бичигт баг үерийн далангаар үерийн ус орж ирж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 18:30 цагт /18:33 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Ховд АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд, Жаргалант сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд Бичигт, Наран, Рашаант багийн нийт 32 гэр, 18 байшин, 2 агуулах усанд автсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top