1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-ний баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 14-ний өдөр Алтайн уулархаг нутгаар, 15, 16-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр
Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, доод Салхитын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:25 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэрийн тооно шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хадтайн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 22:07 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:35 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 2х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 17 дугаар хороо, Гантын 40/С байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 22:49 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:55 цагт очиход тус байрны гадна 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, “Барс-2” захад хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:17 цагт очиход тус захын зүүн талд хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Зам, тээврийн осол: Өвөрхангай аймаг, Хархорин сум. Жалбаа багийн “Өндөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Хархорин сумаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн тул 1 автомашины хаалгыг онгойлгож дотор нь байгаа 1 иргэнийг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 18:55 цагт очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Э-гийн “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, нэг суудлын автомашины хаалга гажиж онгойх боломжгүй байсан тул задаргааны багаж ашиглан онгойлгож зорчигч Т /33 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжын тасагт хүлээлгэн өгсөн.
Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.11-ний өдрийн 06:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 40 км-т Хутаг багийн “Тавилан” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” мөрний усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 11:00 цагт унаж явсан морийг нь осолдсон газраас 10 км-т “Гацааны-Үзүүр” гэдэг газраас голын уснаас олсон. 07.12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, “Шувуун фабрик”-ын дэргэд “Туул” голын усанд 14 настай хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /14 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 07.11-ний өдрийн 06:56 цагт эхлүүлж, мөн өдрийн 08:32 цагт осолдсон газраас баруун зүгт 5 км орчим зайд “Туул” голын салаанд тогтсон тухайн хүүхдийн цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, “Тэмүүлэл” хотхоны 43/А байранд 11 дүгээр давхрын цонхоор эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.11-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:29 цагт очиход оршин суугч иргэн А /35 настай, эмэгтэй / гэр бүлийн маргалдааны улмаас цонхоор үсэрч болзошгүй байсан тул тус байрны дээврээс аврах олс ашиглан цонхоор нь орж аюулгүй болгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймаг, Дархан сум. 16 дугаар багийн “Үйлдвэрийн район” дутуу баригдсан 6 давхар барилгын дээврээс эмэгтэй хүн унах гэж гэсэн дуудлагыг 07.11-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 23:36 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /19 настай эмэгтэй/ тус барилгын дээврээс үсэрч болзошгүй байсныг 1 цаг 30 минут ярилцлага хийн эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын эмч, сэтгэл зүйчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР