Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нугтаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:52 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:56 цагт очиход иргэн З-ын “Ниссан-Алтима” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:15 цагт /14:20 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:20 цагт очиход иргэн Б-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.15-ны өдрийн 05:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газраас зүүн зүгт 80 км-т Бугат сумын Баянтөгөл багийн “Зад Бат” гэдэг газар хүртэл завиар урсаж, 3.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 25 км-т, Хутаг багийн “Бирвааз” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. “Цагаан-Эрэг” багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим загасанд явахаар гэрээсээ гарсан иргэн Л “Орхон” голд осолдсон байж болзошгүй гэсэн мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.15-ны өдрийн 05:30 цагаас тус сумын харьяат иргэн Л/69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт 24 км-т  “Хилийн 0101 дүгээр ангийн 5-тын застав” хүртэл 3 удаа нийт 72 км-т завиар урсаж,  “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт 5 км-т “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа нийт 20 км явганаар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:05 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн.

Төв аймаг, Лүн сум. Төв багийн “Туул голын бетонон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/-т “Туул” голын усанд сэлж байсан 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 07.15-ны өдрийн 06:00 цагаас эхлэн Өгөөмөр багийн “Бетон гүүр” гэдэг газраас баруун хойд зүгт “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 37 км, “Балын тохой” гэдэг газраас баруун хойд зүгт  “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 28 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.    

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. “Бүрэнхаан” багийн “Бургастайн-Урд шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 96 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т “Сангийн далай” нууранд 3 зорчигтой суудлын автомашин 10:55 цагийн орчим живсэн /3 зорчигчийг нутгийн иргэд гаргасан/ тухай дуудлагыг 11:04 цагт /11:09 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 96 км зам туулан 14:49 цагт очиход Орхон аймгийн харьяат иргэн Б-ийн “Тоёота-Приус 30” загварын суудлын автомашин 2 метрийн гүнтэй нуурын усанд живсэн байсныг 01:48 цаг ажиллан татан гаргаж, нуурын эрэг дээр нас барсан байсан иргэн Т/36 настай, эмэгтэй/-ын  цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Архангай аймаг, Өгийнуур сум. Орхон багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т “Өгийнуур” руу 14:30 цагийн орчим 3 хүн хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч 2 хүн нь уснаас гарч, 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 15:35 цагт /15:46 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Улаанбаатар хотын харьяат П/29 настай, эрэгтэй/-ийг тус өдрийн 15:45 цагаас эхлэн нуурын эргээс 50 метрийн зайд 5 метрийн гүнд 7 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:30 цагт эхлүүлсэн.     

Өндрөөс унах:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 19 дүгээр хороо, 83 дугаар байранд 7 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:32 цагт очиход тус байранд оршин суугч, иргэн А/36 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхээ цонхны тавцангаас үсэрч, амиа хорлох гэж байсныг ярилцлага хийн эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Шаварт суусан: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Хэрлэнгийн гүүрний баруун талд суудлын автомашин /3 зорчигчтой/ шаварт суусан гэсэн дуудлагыг 00:45 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн алба хаагчид 02:45 цагт очиход Улаанбаатар хотын харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/-ын “Субару инпреза” загварын суудлын автомашин 3 зочигчтой /2 хүүхэд, 1 том хүн/ шаварт суусан байсныг татан гаргасан.  

Бусад төрлийн осол /аюул/: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрэн доор “Туул” гол дээгүүр 2 хүн усны мотоциклтой явж байгаад ширүүн урсгалруу орж, уснаас гарч чадахгүй болсон гэсэн дуудлагыг 15:19 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:25 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/, А/25 настай, эрэгтэй/ нар усны мотоциклтой тус гол дээгүүр аялж яваад ширүүн урсгал руу орж, буцаж гарах боломжгүй болсон байсныг татан гаргасан.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Салхи, шуурга: Архангай аймаг, Чулуут сум. “Халуун-Ус багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т 07.15-ны өдрийн 14:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 3 өрхийн 5 гэр нурсан тухай мэдээллийг 14:50 цагт сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн.

Мэдээллийн дагуу тус багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 07.15-ны өдрийн 16:10 цагт тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, Д-гийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, Д-ын 5 ханатай гэр, нийт 5 гэр нурж ашиглах боломжгүй эвдэрсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

scroll to top