Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр

Объектын түймэр: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит багийн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:34 цагт очиход иргэн Б-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 5 дугаар багийн 8 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 04:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 04:13 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Зам, тээврийн осол: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 5 дугаар “Ховд гол” багийн Антений 1 дүгээр гудамжинд 2 автомашин мөргөлдсөн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  31 дүгээр ангийн алба хаагчид “Старекс” загварын суудлын автомашин /дотроо 3 зорчигчтой/, иргэн А-гийн “Ланд 200” загварын суудлын автомашин /дотроо 5 зорчигчтой/-тай мөргөлдөж, иргэн Х /30 настай, эрэгтэй/, Н/45 настай, эмэгтэй/, Ж /20 настай, эрэгтэй/, С/15 настай, эмэгтэй/, Ш /11 настай, эмэгтэй/ нар автомашин дотроос гарч чадахгүй байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, Цагдаагийн газрын авто замын цагдаа нарт хүлээлгэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчмд, ар гэрийнхэн нь 07.16-ны өдрийн 05:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Бугат сумын Баянтөгөл багийн “Цонхлон” гэдэг газраас зүүн зүгт Хангал сумын Хялганат багийн “Хялганат тосгон” гэдэг газар хүртэл 140 км-т завиар урсаж, Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Бярваз” гэдэг газар хүртэл 25 км-т морьтой болон явганаар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:17 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. “Цагаан-Эрэг” багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим загасанд явахаар гэрээсээ гарсан иргэн Л, “Орхон” голд осолдсон байж болзошгүй гэсэн мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 07.16-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилийн 0101 дүгээр ангийн 5-тын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-н салаа” гэдэг газар хүртэл 2 удаа нийт 75 км-т завиар урсаж, явганаар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. 07.16-ны өдрийн 22:16 цагт Хилийн ангиас холбогдож ОХУ-ын нутаг дэвсгэрт голын уснаас 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон гэсэн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллага, Хилийн … дугаар анги цогцсыг таниулахаар хамтран ажиллаж байна.

Төв аймаг, Лүн сум. Төв багийн “Туул голын бетонон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/-т “Туул” голын усанд сэлж байсан 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Э/21 настай, эрэгтэй/-ыг 07.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:08 цагт анх осолдсон газраас баруун зүгт 500 м зайд голын усанд урсаж байсныг 38 минут ажиллаж цогцсыг гарган Лүн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Архангай аймаг, Өгийнуур сум. Орхон багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т “Өгийнуур” руу 14:30 цагийн орчим 3 хүн хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч 2 хүн нь уснаас гарч, 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 15:35 цагт /15:46 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Улаанбаатар хотын харьяат П /29 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдрийн 06:30 цагаас эхлэн, нийт 31 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:45 цагт нуурын эргээс 50 метрийн зайд 3.3 м-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, “Туул” голын шинэ гүүрний доод талд 13 настай хүүхэд “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:07 цагт очиж Баянзүрх дүүргийн харьяат А/13 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Туул” голын эргээс 3 м зайд, 3 м-ийн гүнээс 3 минут ажиллаж цогцсыг олж гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

scroll to top