Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр нутгийн баруун хагаст, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 19, 20-ны өдөр нутгийн зарим газраар, 21, 22-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 20-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 21-ний нутгийн баруун хагаст, 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, Сурагчийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 08:11 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:17 цагт очиход иргэн Б-ны 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хорооны задгай, хогийн цэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:37 цагт очиход иргэн М-ын ашиглахаа больсон “BMW С-3” загварын автомашины их бие хогийн цэг дээр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Яргайтын богино”-ын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 02:54 цагт хүлээн авсан.   

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 03:11 цагт очиход 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн тааз, эд хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:26 цагт очиход иргэн С-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Найрамдал гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:34 цагт очиход иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.   

Архангай аймаг, Тариат сум. Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан тухай мэдээллийг 07.17-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд иргэн А-ын “Аэробус” загварын аялалын зориулалтаар тохижуулсан /8 зорчигч нь автобуснаас буусан байсан/ автобус шатсан.   

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Ганзам багийн 1 дүгээр хэсгийн Хилчин гудамжны задгайд байшин шатаж байна гэсэн дуулагыг 07.18-ны өдрийн 03:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:09 цагт очиход иргэн Б-ын бялдаржуулах төв, гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15х20 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээвэр, 6х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 08:02 цагт унтраасан.     

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Баянхонгор аймаг, Баянцагаан сум. Цэцэн багийн “Тариатын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-44°54’36.0″, У-99°33’36.0″/ 07.18-ны өдрийн 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.17-ны өдрийн 05:30 цагаас өдрийн 21:10 цаг хүртэлх хугацаанд иргэн Д/33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрэмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Бирвааз” гэдэг газар хүртэл 30 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.18-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л “Орхон” голд загасчилж яваад голын усанд осолдсон байж болзошгүй тухай мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 07.17-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас Хилийн …. дүгээр ангийн “Тавтын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-ийн салаа” гэдэг газар хүртэл 2 удаа нийт 24 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх зохион байгуулах хугацаанд 07.16-ны өдрийн 22:16 цагт Хилийн ангиас “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт районы “Наушка” өртөө орчмын “Сэлэнгэ” мөрний уснаас 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон тухай мэдээллийг Оросын Холбооны Улсын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас өгсөн” тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Хилийн ангийн хамтарсан ажлын хэсэг 07.17-ны өдөр ар гэрийнхэнд нь уг цогцос (гэрэл зургаар)-ыг таниулаад тухайн иргэний цогцос мөн болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 20:00 цагт зогсоосон.

Бусад төрлийн /аюул/: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Туяа багийн “Тулын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т/ Иргэн Г голын усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 22:52 цагт очиход иргэн Г/40 настай, эрэгтэй/ “Дэлгэрмөрөн” голын усанд унасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаадах эрэгт эсэн мэнд гарсан байсан тул 8 минут ажиллан аюулгүй газарт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Шаварт суусан: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 4 дүгээр багийн “Согог” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ суудлын 2 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:50 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид 60 км замыг туулан 16:15 цагт очиход иргэн Б-ын “Ландкрузер-200” загварын суудлын автомашин, иргэн Г-гийн “Форестер” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 1 цаг 25 минут ажиллаж татаж гаргасан.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Салхи, шуурга: Архангай аймаг, Өндөр-Улаан сум. Хануй багийн “Хөмөрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ 07.15-ны өдрийн 13:00 цагийн орчим Хануй багийн “Хөмөрт” гэдэг газрын орчмоор 14-17 м/сек хүчтэй түр зуурын шуурга шуурсны улмаас 1 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 07.17-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан.

Шуурганд малчин Г-гийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

   

scroll to top