Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, 38 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:30 цагт очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороо, 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:43 цагт очиход тус тоотод иргэн Г-гийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын 4х6 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 16:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:09 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 35 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум. 4 дүгээр багийн “Соёлын төв”-ийн автомашины зогсоолд суудлын автомашин байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:19 цагт очиход иргэн А-ны “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Дархан сум. 1 дүгээр багийн “Гангатын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 164 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 16 км замыг туулан 11:16 цагт очиход иргэн У-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдөр 17:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:47 цагт очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. 7 дугаар багийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан.   

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:33 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Өвөрхангай аймаг, Баянгол сум. Өнц багийн “Нарийн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ малчин Ц-ийн ачааны автомашин 07.20-ны өдрийн 14:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан.    

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х-аар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 40 км замыг туулан 16:15 цагт очиход малчин Ц-ын “Портер” загварын ачааны автомашин бүрэн шатсан байсан тухай мэдээллийг Өнц багийн Засаг дарга Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит багийн 3 дугаар хэсэгт ачааны автомашин хашаа мөргөж, автомашины бүхээгт жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:18 цагт очиход “Донг пенг EQ-5040” загварын ачааны автомашины тоормос ажиллагаагүй болсны улмаас хашаа мөргөж, тухайн автомашины жолооч Э /48 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.20-ны өдрийн 06:00 цагаас 21:15 цаг хүртэлх хугацаанд иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Цагаан цохио” гэдэг газар хүртэл 60 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, “Ацын тавилан” гэдэг газар хүртэл 25 км-т голын эрэг дагуу явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.21-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хөндий багийн “Хар-Усны сал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 268 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Шишгэд” голыг бирваазаар гатлаж байсан “Рав-4” загварын суудлын автомашины ивүүр нь мултарч, бирвааз дээрээсээ унасан. Жолооч нь автомашины бүхээгээсээ гарч чадсан боловч голын усанд живсэн тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очих явцад Рэнчинлхүмбэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхэн нь мөн өдрийн 11:24 цагт иргэн Д /43 настай, эрэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас 25 метрийн зайнаас голын уснаас олж, гаргасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  Бүлэг мөн өдрийн 19:46 цагт очиж “Шишгэд” голын 7 метрийн гүнээс “Рав-4” загварын суудлын автомашиныг 22:08 цагт татан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, “Тэлмүүн” хотхонд 3 дугаар давхрын цонхны тавцангаас бага насны хүүхэд зүүгдсэн, унах гэж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах, ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:19 цагт очиход тус тоотод Ө/6 настай, эрэгтэй/-ыг эцэг, эх нь гэрт нь цоожилсон байсан бөгөөд тухайн хүүхэд цонхоор харах гэж байгаад унаж, цонхны тавцангаас зүүгдэж байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.            

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Аянга: Ховд аймаг, Дуут сум. Шивэр багийн “Гулзын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ 07.20-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Ж-ийн хотонд аянга бууж, 50 бог мал аянганд өртөж хорогдсон тухай мэдээллийг 07.20-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан.

Мэдээллийн дагуу тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт 07.20-ны өдрийн 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ны 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн.        

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top